Тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээнэ гэдгийг УОК-оос мэдээллээ. Уг мэдээлэлд "Хот хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах журам батлагдсан байгаа. Одоогийн байдлаар иргэд нийслэлээс орон нутаг руу зорчихдоо очих аймгийнхаа онцгой комиссоос зөвшөөрөл авч байна.
Харин 22-ноос эхлээд аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авахгүй. Хот хооронд зорчих иргэдийг вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон гэсэн баримтыг нь үндэслээд явуулна.
Вакцинд хамрагдаагүй бол PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Эцэг эх нь вакцин хийлгэсэн ч хүүхдээ дагуулж явж байгаа бол шинжилгээ өгүүлсэн байна. Гэхдээ 0-3 насны хүүхдээс шинжилгээний хариу шаардахгүй" гэжээ.
Мөн долоо хоногийн дараагаас дараах төрлийн үйл ажиллагааны чиглэлүүдийг нээхээр төлөвлөж байна.
Эхний ээлжид, энэ сарын 22-ноос,
- Томоохон зах, худалдааны төвүүд,
- Хоол үйлдвэрлэлийн газрууд /ресторан, кафе, түргэн хоолны газар, цайны газар/-ыг 50 хувийн дүүргэлттэйгээр,
- Шаардлага хангасан зочид буудлууд,
- Амралт, жуулчны баазыг тодорхой хязгаарлалттайгаар нээхээр жагсаалтуудыг гаргасан байна.