
УИХ, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Эрүүл мэндийн багц хуулиудад олон нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд өндөр өртөгтэй хагалгааг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж, иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг бууруулжээ гэсэн сайхан таатай мэдээлэл гарсан.
Тодруулбал, өнгөрсөн оны наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж салбарын хууль, эрхзүйн орчин, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, салбарын хүний нөөцийг чадавхжуулахад чиглэсэн хууль, тогтоомжийг батлаж хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, төр төлбөрийг нь хариуцах тусламж, үйчилгээнүүдийг Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан худалдан авах зохицуулалтыг хийж, Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь “Стратегийн худалдан авагч” болох эрхзүйн орчин бүрдсэн.
Энэхүү хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор даатгуулагчдад үзүүлэх тусламж үйлчилгээний зардлын төлбөр, ЭМДС болон иргэний төлөх төлбөрийн хэмжээг тогтоож өгсөн бөгөөд бүх төрлийн хорт хавдрын эмийн эмчилгээ болон мэс засал, хавдрын дараах хими болон химийн бай эмчилгээ, амбулаторийн хяналт, хими, туяаны өдрийн эмчилгээ, хавдрын дараах сэргээн засах эмчилгээ зэрэг хорт хавдар түүнтэй холбоотой бүх төрлийн тусламж үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцаж байна.
Үүний үр дүнд зөвхөн энэ оны 3 сард гэхэд 2527 хорт хавдрын тохиолдолд 1.5 тэрбум, 5035 иргэний мэс заслын тусламж үйлчилгээнд 6.8 тэрбум төгрөгийг ЭМД-сангаас олгожээ.