Төрийн банк хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг иргэдийн цахим картын хөгжүүлэлтийг хийж, хүнсний талоны картыг пин коджуулж байна. Улсын хэмжээнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг 42.2 мянган өрхөөс одоогоор 33.5 мянга буюу нийт өрхийн 79 хувийнх нь картыг пин коджуулаад байна.
Ингэснээр иргэн гэрээт буюу тендерт ялсан 800 орчим дэлгүүрээр тус үйлчилгээг авдаг болно. НӨАТ баримт олгодог 235 мянга орчим ААН, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжтой болно.
Мөн цаасан тайлан , хүнд суртал үгүй болж хяналт, дата судалгаа, тайлан цахим хэлбэрт шилжиж, шийдвэр гаргах түвшинд дата мэдээлэлд суурилсан оновчтой шийдлүүд бий болно. Түүнчлэн,10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг бар коджуулсан нь улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүнийг бар коджуулах ажлын эхлэл болж буй онцлогтой гэдгийг ХНХЯ мэдээлэв.
ХНХЯ, Төрийн банк хамтран энэ сардаа багтаж тус үйлчилгээнд хамрагддаг бүх өрхөө 100 хувь пин коджуулж дуусгах аж.