МҮБХ-ны Цэцдийн зөвлөл саяхан хуралдаж, дүрмийн олон өөрчлөлт хийсэн юм. Үүний гол өөрчлөлтийн нэг нь допингийн асуудал байсан юм. Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авч Допингийн эсрэг үндэсний төв хүргүүлж, БНСУ руу явуулж шинжлүүлнэ. Улмаар хариуг нь баяр наадам зохион байгуулах хорооны бөхийн салбар комисст хүргүүлснээр үр дүнг нийтэд зарладаг.
Харин Цэцдийн зөвлөлийн зүгээс бөхчүүдийн эрх ашиг, эрүүл мэнд, үндэсний спортоо хамгаалахын тулд допингийн шинжилгээ авах ажлыг МҮБХ өөрсдөө зохион байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Наадмын өдөр улсын цол хүртсэн бөхөд цол биш зөвхөн батламж олгох юм байна. Харин шинжилгээний хариу гараад ямар нэгэн асуудалгүй гэдэг нь батлагдвал тэр үед Ерөнхийлөгч албан ёсоор зарлигаа гаргаж, цолны үнэмлэх, тэмдгийг нэг өдөр гардуулах юм байна.
Тиймээс шинжилгээний хариу гартал бөхчүүд авсан шинэ цолоороо бүх шатны барилдаануудад оролцож болох аж.