Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу сонгуулийн саналын хуудсыг хэвлэж эхэлжээ. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулахад “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ, У.Хүрэлсүх, Д.Энхбат гэсэн гурван нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон бөгөөд тэдний зураг бүхий саналын хуудсыг хэвлэж эхэлсэн. Саналын хуудсыг хуулийн дагуу хэвлэж дуусаад, санал авахаас гурав хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна” гэсэн тайлбарыг өглөө.
Саналын хуудас нь нэр дэвшигчийг дэвшүүлсэн нам, эвслийн нэр, нэр дэвшигчийн зураг байх бөгөөд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намын дарааллыг баримталж жагсаадаг байна.
Өөрөөр хэлбэл, энэ удаагийн саналын хуудас дээрх нэр дэвшигчдийн тэмдэглэгээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар бол МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат гэсэн дараалалтай байна гэсэн үг юм.