Ц.Лугшүр:Цагаанхаданд төрийн томчууд байнга ирдэг ч байдал нь дээрдсэнгүй

Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Цагаанхад хэмээх суурин газарт өнөөдрийн байдлаар 15000 гаруй жолооч урт, богины тээвэрлэлтэд нүүрс тээвэрлэж, аж амьдралаа залгуулж байна. Тэнд мөнгө олох гэсэн идэр насны залуус болон өтөл насны өвгөд ч ар гэрээ мартан "амьдарч" байна. 
Нүүрс тээвэр дагасан суурин бий болж худалдаа наймаа эрхэлж байгаа 10 мянга гаруй иргэн тэнд суурьшжээ. Хар захаас ч долоон дор газарт төрийн ямар ч сайд ирээд төдийлөн өөрчлөлт гардаггүй талаар жолооч нар хэлж байгаа юм.
Тодруулбал, тэнд нүүрс тээврийнхэн цуглаж эхэлснээс хойш айлчилж очсон албан тушаалтнуудын тоо олон. Салбарын сайдууд нь ирж нөхцөл байдалтай танилцлаа гээд явдаг ч Цагаанхадан дахь нөхцөл байдал яг хэвээрээ, бахь байдгаараа. Салбар хариуцсан сайд Л.Халтар болон бусад албаныхан дорвитой өөрчлөлт, арга хэмжээ хийхийг хүсдэггүй, иргэнээ бодсон ажил хийдэггүй. 

Үе үеийн Зам тээврийн сайд нар тэнд айлчилж, нөхцөл байдалтай танилцдаг уламжлал тогтсон гэхэд хилсдэхгүй болов уу.  Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх тэнд очсон. Ингэхдээ тэрбээр олон сайхан амлалтуудыг жолооч нарт амлаад буцаж байсан удаатай. Түүнчлэн Өмнөговь аймгийн удирдлагуудыг суулгаж байгаад “Тэнд хэдэн жолооч нар хэцүүдлээ” гэж загнаж зандарсан ч эерэг өөрчлөлт авчраагүй юм. Ингээд Ерөнхий сайдын суудлаасаа буусан. Дараагийн сайд Л.Оюун-Эрдэнэ Цагаанхаданд очно гэсэн мэдээлэл гарсан ч өнөөдрийг хүртэл очоогүй байна. 
Цагаанхаданд амьдрал өөрчлөгдөөгүй, там болсон зам дээр амь өрссөн ажлаа жолооч нар хийж байгаа бөгөөд тэд “Төвөөс хэн ч ирээд, юу ч шийдэгддэггүй юмаа. Зөндөө хүмүүс, тэр сайд нь гээд олон сурвалжлагч дагуулж ирээд буцдаг юм. Тэглээ гээд тэр нь ажил болдоггүй. Төвөөс сайд, дарга нарыг ирэхэд цувааг татаж, ямар ч дараалалгүй болгодог. Бодит байдлыг нууж далдалдаг. Зовлон ихтэйгээ ярих гэхээр яриулдаггүй. Зарим нь сайд дарга нарыг ирснийг ч мэддэггүй” гэв.

Ингээд Цагаанхаданд олон том тэрэг жолоодож нүүрс тээвэрлэж байгаа Ц.Лугшүртай ярилцлаа.

-Таны хувьд Цагаанхаданд хэдэн жил машин барьж байгаа вэ?

-Би үнэхээр бухимдаж байна. Хятадын компанийн том тэргийг түрээсээр барьдаг. Гэтэл тэр С зөвшөөрөл нь олдохгүй байна. Зарим компаниудад асуудалгүй олноороо олдох юм. С зөвшөөрөлгүйгээс болж хилээр гарч чадахгүй байна. Ашиг гарах болов уу гэж горьдоод явдаг ч алдагдалд ордог. Энэ зам дээр 10 жил ажиллаж байна. Сүүлийн үед тээврийн үнэ буурч, хятадууд дуртай үедээ үнэ буулгаж, дургүй үедээ буулгадаг. Миний хувьд богины тээвэрлэлтэд явдаг.

-Одоо тэгээд яах вэ?

-Монголын төр засагт гомдож байна. Хятадууд манайхаас нүүрсээ хамгийн хямдаар авдаг. Бидэнд ямар ч ашиг алга. Тэгэхээр Монголын төр засаг, удирдлагууд нүүрснийхээ амыг бүр хаачих хэрэгтэй шүү дээ. Тэгвэл Хятадууд өөрсдөө гуйна даа. Монголчуудыг дорд үзэж, юман чинээ тоож үзэхгүй юм. Ийм маягаар байгалийн баялагаа алдаад сууж байгаа төрийн удирдлагууд буруутай. Би бол амьдралдаа алдаж явсан нэгэн. Энэ газрыг бараадаад 10 жил болсон байна. Үр өгөөжөө өгдөг газар. Гэвч сүүлийн үед их зүйлээр хясаж хааж боогдуулж байна.

-Эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаг уу?

-Энд эрүүл мэндийн асуудал ч орхигдсон. Өвдөхгүй, хавдахгүй бол яваад байна. Эрүүл мэндийн үйлчилгээ авна гэсэн ойлголт байхгүй дээ. Монгол хүний амь бөх тулдаа явж байна.

-Үе үеийн сайдууд ирж ажилладаг. Та бүхэнд гоё сайхан үг бүхнийг хэлж үлдээгээд явдаг гэж жолооч нар гомдлоод байна? 

-Тэнгэрийн амьтад дээгүүрээ бүхнийг зохицуулж үзэж харсан болоод явдаг юм байгаа биз дээ. Яг жолооч нарын ард түмний дунд орохгүй байгаад харамсч байна. Энд хэдэн мянган жолооч байгаа билээ, хэдэн модон жорлон бариад 00-ын асуудлыг ч шийдэж өгч болдоггүй юмуу. Салхи шуурганд бохир заваан 00-ын цаас толгой дээгүүр хийсч, хүний нүүр аман дээр буух нь бүр энүүхэнд. Сайд дарга нар ирээд явлаа л гэдэг. Тэднээс гарсан үр дүн, өөрчлөлт юу ч алга. Төрөөс авч хэрэгжүүлж байгаа зүйл байхгүй. Ерөнхий сайдтай уулзах гэсэн болов ч тааралдаагүй. Хар нүүрстэй жолооч нарыг тэр хүн тоож харлаа юу, үгүй л байхгүй юу даа. Уг нь бол монгол хүмүүсээ үнэлэх үнэмлэмж төр засагт байх ёстой.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ