Манай улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2021 оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 6.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2 (48.2хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүнтэй гарчээ. Үүнд уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 1.6 (59.2хувь) их наяд, боловсруулах салбарын үйлдвэрлэл 370.1 (38.3хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн гэжээ.
Уул уурхай, олборлох салбарын нийт үйлдвэрлэл 2021 оны 4 дүгээр сард урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 446.6 (72.9хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд
Нүүрс олборлолт 171.3 (3.5 дахин) тэрбум, газрын тос олборлолт 74.2 (15.9 дахин) тэрбум, металлын хүдэр олборлолт 228.9 (46.7хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь тус тус нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох салбарт 2021 оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр алт, зэсийн баяжмал, металл агуулгаараа, төмрийн хүдэр, хүрэн нүүрс, хайлуур жонш, чулуун нүүрс, газрын тосны олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 6.4 хувиас 3.6 дахин өсчээ.
Уул уурхай, олборлох салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 3.1 их наяд төгрөгөөр нэмэгдэхэд металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 1.8 их наяд, нүүрс олборлолтын салбарын борлуулалт 1.1 их наяд, газрын тос олборлолтын салбарын борлуулалт 228.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байжээ.
Эх сурвалж:МОНЦАМЭ