Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар сургууль орчимд замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах, ослоос урьдчилан сэргийлэх боломж бүрджээ. Тодруулбал, тус сургуулийн арын замд авто машины улсын дугаар илрүүлэгчтэй хяналтын камеруудыг шинээр суурилуулсан байна.
Энэ нь өдөр болон шөнийн цагт авто машины улсын дугаарыг тод харуулах тул зам тээврийн осол гаргасан болон дүрэм зөрчсөн жолооч нарыг илрүүлж, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцоход чухал ач холбогдолтой юм.
2020 онд зам тээврийн хэрэг, ослын улмаас 2,718 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн. Үүний 1,000 гаруй нь явган зорчигч байжээ. Тэр дундаа явган зорчигч зам хөндлөн гарч яваад гарцан дээр машинд мөргүүлж, гэмтэж бэртэх, амь насаа алдах тохиолдлууд буурахгүй байна. Мөн явган зорчигчийг мөргөөд, ослын газрыг орхин явдаг байдал нэлээдгүй бүртгэгддэг. Харин улсын дугаар илрүүлэгчтэй энэхүү камер нь осол гаргасан жолоочийг олоход чухал үүрэг гүйцэтгэх аж.
Энэхүү камер нь манай улсад анх удаа ашиглагдаж буй бөгөөд эхний ээлжид дөрвөн сургууль харьяа дүүргийнхээ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэйгөө хамтран суурилуулж буй юм.