ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
Сүүлийн 24 цагт 630 шинэ тохиолдол илэрч, халдварын улмаас 5 хүн нас баржээ. Шинээр халдвар авсан иргэдийн 49 нь хөдөө орон нутагт, 581 нь нийслэлээс бүртгэгдсэн байна гэв.
Ковид 19-ийн эсрэг дархлаажуулалтын хоёрдугаар тунд нийслэлд 590874 хүн, орон нутагт 185066 иргэнийг хамруулжээ.
Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаярын мэдээлснээр "Дархлаажуулалтын 2-р тунд хамрагдсан 775940 хүний 0.44 хувь нь халдвар авсан байна. Мөн тэдгээр тохиолдол нь дархлаажуулалтад хамрагдсанаас 14 хоногийн дотор байсан"-ыг мэдээллээ.
Орон нутагт зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотойгоор сайн дураар шинжилгээ өгөх иргэний тоо нэмэгдсэн. Сүүлийн өдрүүдэд сайн дураар шинжилгээ өгч буй иргэдийн дундаас халдварын тохиолдол батлагдаж байгаа. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай байгааг санууллаа.