Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 20-ны байдлаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмийн 14.8 дахь заалтыг зөрчиж бусдын хөдөлгөөнд саад учруулсан, явган зорчигчийн зам болон чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогссон 19864 тээврийн хэрэгслийн зөрчлийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн долоо хоногт замын хөдөлгөөний дүрэм зөрчиж түр зогсохыг хориглосон байршил болон явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан тохиолдолд журамлах, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцохыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Түр зогсохыг хориглосон байршил болон явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан зөрчлийн талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийг шуурхай барагдуулж, олон нийттэй хамтран ажиллахыг мөн даалгасан байна.
Жолооч нарын автомашинаа түр зогсоохдоо нийтлэг зөрчил гаргадаг газруудад түр зогсохыг хориглох тэмдэг, тэмдэглэгээг байршуулж ажиллах чиглэл өгчээ.