“Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийг Монгол Улсын ЗХЖШ, АНУ-ын Энэтхэг-Номхон цэргийн командлал, Аляска мужийн Армийн үндэсний гвардтай хамтран 18 дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
"COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдлаас үүдэн өнгөрсөн онд тасалдаад байсан уг сургуулилтыг энэ жил 7 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ УОК-ын шийдвэрийн дагуу коронавирусний эсрэг дархлаажуулалтад бүрэн хамрагдсан оролцогчдыг сургуульд оролцуулах, түүнчлэн халдвар хамгааллын тусгай шаардлагыг тавьж буйг сургуульд оролцох орнуудад албан ёсоор мэдэгдээд байна.
Өнөөдрийн байдлаар 11 улс, олон улсын 1 байгууллагын 250 гаруй цэргийн алба хаагч оролцох тухайгаа хариу ирүүлж, өөрийн улсдаа бэлтгэл ажлаа хангаж байна
"Хааны эрэлд-2021” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд оролцохыг урьсан ЗХЖШ-ын даргын урилгыг Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй хамтын ажиллагаатай улс орнуудад илгээжээ. Энэ жилийн сургуулийн гол онцлог нь түргэн байрлах хүчний рот болон хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлгийг байгуулж, гүйцэтгэх үүрэгтэй холбоотой сургалтыг нэмж явуулах аж.