Орхигдсон машин, техникийг татан авч талбайг чөлөөлжээ

 
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэх газарт ууланд нуусан болон эзэнгүй орхигдсон, хариуцах эзэнд нь удаа дараа мэдэгдсэн боловч авахгүй байгаа экскаватор 23, ковш 10, бульдозер 1, алт угаах төхөөрөмж 16, ачааны автомашин 3, бусад 4, нийт 57 техник хэрэгслийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2 авто кран, 1 хүнд даацын тээвэрлэгч механизмыг дайчлан ачиж тээвэрлэн хяналтын постод татан төвлөрүүлж, талбайг бүрэн чөлөөллөө.

Мөн тус сумын “Хорийн даваа” гэх газарт урьд бүртгэлжүүлсэн 13 техник, хэрэгслийг бүгдийг нь, “Өлөнт”, “Харганат” гэх газарт урьд бүртгэлжүүлсэн 54 техник, хэрэгслээс экскаватор 11, алт угаах төхөөрөмж 3, ачааны машин 6, ковш 1-ийг талбайгаас гаргав.

Хяналт, шалгалтын хүрээнд Ерөө сумын нутаг дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 4 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгаж Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасны дагуу бичиг баримтыг бүрдүүлсний дараа үйл ажиллагаа явуулах зөвлөмжийг өгч, Баянгол сумын нутагт байрлах Нарангийн голын эхэнд голын голдирол өөрчилсөн, хоолой тавьж шороогоор хаасан байсныг засуулж, урсгалыг хэвийн болголоо.

Ерөө сумын нутаг дэвсгэрт хийгдсэн хяналт шалгалтаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинжтэй 4 үйлдлийг илрүүлэн, нэг нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож, 3 экскаваторын компьютерыг эд мөрийн баримтаар хураан авч, экскаватор 5, ковш 2, алт угаах төхөөрөмж 2, цахилгаан үүсгэвэр 2, ачааны машин 3, нийт 14 техник хэрэгслийг лацдаж битүүмжлэн Экологийн цагдаагийн албанд шалгалтын ажиллагаа явуулж байна гэж тус албанаас мэдээллээ.
 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ