“Оюу толгой” компани 2021 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явц болон цар тахлаас сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ өнөөдөр танилцууллаа.
2021 оны эхний улиралд үйлдвэрлэсэн баяжмал дахь зэс, алтны хэмжээний тухайд,
- 45,449 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэв. 2021 онд 150,000-180,000 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэх төлөвлөгөөний биелэлт хангалттай.
- 145,656 унц баяжмал дахь алт үйлдвэрлэв. 2021 онд 400,000 – 480,000 унц баяжмал дахь алт үйлдвэрлэх төлөвлөгөөний биелэлт хангалттай гэж үзжээ.
"Оюу толгой" компани баяжмалын тээвэрлэлтдээ гуравдугаар сарын 30-нд давагдашгүй хүчин зүйл зарласан. Тэр утгаар ханган нийлүүлэлтэд гарч буй асуудлын дагуу холбогдох албаныхан болон худалдан авагч нартай харилцан ажиллаж байгааг мөн дурдав.
Тус улирал дахь үйлдвэрлэлийн мэдээллээс нь харвал,
- Төлөвлөгөөний дагуу ил уурхайн агуулга ихтэй хэсэг рүү шилжсэн нь олборлосон хүдрийн хэмжээ 2020 оны эхний улиралтай харьцуулахад 29 хувиар илүү байхад болон хүдрийн агуулга, зэсийн авалт өндөр гарахад нөлөөлсөн.
- Нэгдүгээр улиралд уулын ажлын төлөвлөлттэй холбоотойгоор алтны гарц 457 хувиар өндөр гарчээ. Зэс, алтны агуулга өндөр хэсэг дэх олборлолт 2021 турш үргэлжлэх төлөвтэй байгаа аж.
Тус компани татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 417 сая ам.долларыг оны эцэс гэхэд төлсөн бөгөөд нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш 3.3 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ хамаарч байгаа аж.
Нэгдүгээр улиралд 494 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 431 нь үндэсний ханган нийлүүлэгчид ба үйл ажиллагааны худалдан авалтынхаа 77%-ийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдээ зарцуулсан байв.
Эх сурвалж:ikon.mn