“БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЭДИЙН ЗАСАГ, ЭРХ ЗҮЙН МЕХАНИЗМ” сэдэвт Үндэсний бага хурал цахим хэлбэрээр зохион байгуулагдах болжээ.
Хүн амын хурдацтай өсөлт, үрэлгэн хэрэглээ, зохисгүй үйлдэл нь байгаль орчныг бохирдуулж, доройтолд оруулж байна. Үүний улмаас дэлхийн уур амьсгалын өөрчлөлт гарч байгалийн гамшигт үзэгдлийн давтамж жилээс жилд өсөн нэмэгдсээр буй юм.
Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас даруй 3 дахин их буюу сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд 2.2°С дулаарч, хур тунадасны хэмжээ 7 хувиар буурчээ.
Үүний улмаас байгаль, цаг агаараас ихээхэн хараат эдийн засгийн салбаруудад илүүтэй эрсдэл учирч, гол ус хатаж ширгэх, мөнх цэвдэг, мөстөл хайлах, хөрс бэлчээр доройтон цөлжих, байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, хамрах хүрээ нэмэгдсээр байна. Иймд манай улсаас байгаль орчны талаар баримталж буй төрийн бодлого, тусгай хамгаалалттай газар нутаг, газар, ус, ой зэрэг байгалийн баялгийн зохистой ашиглалт, хамгаалалт, экологийн эрх зүйн зөрчил, хүлээлгэх хариуцлагыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг тус бага хурлын хүрээнд хэлэлцэх аж.