Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийгмийн халамжийн цахим системд холбожээ. Ингэснээр хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ өнөөдрөөс буюу 2021 оны тавдугаар сарын 25-ний өдрөөс эхлэн цахимаар гаргах боломжтой болжээ.
Үүний тулд иргэд Ehalamj системрүү хандаж хүүхдийн мөнгөн тэтгэмждээ бүртгүүлэх шаардлагатай аж.
Харин "www.ehalamj.mn" цахим системийг ашиглан нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжгүй иргэн сум, хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах нь хэвээр байна.
Энэ тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан төрийн байгууллагын мэдээллийн санд байгаа тухайн иргэнтэй холбоотой мэдээллийг цаасаар авалгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.
Мөн 2021 оны зургаадугаар сараас онцгой тохиолдлын таван төрлийн тэтгэмжийг цахимд шилжүүлэх аж.
Тодруулбал,
- 18 нас хүрэхээсээ өмнө өнчин болсон 18-24 насны иргэн,
- Гэр орон сууц нь цаашид амьдрах боломжгүй болсон иргэн,
- Хорих ангиас суллагдсан иргэн,
- Өрх толгойлсон гэр оронгүй иргэнд олгодог тэтгэмжүүд,
- Онцгой тохиолдлын тэтгэмжүүдийг Ehalamj системд нэвтрүүлэх гэнэ.
Энэ ондоо багтаад асаргааны тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт, тусламж гээд 10 төрлийн үйлчилгээг нэмсэнээр нийт 21 үйлчилгээг цахимд шилжүүлнэ. Иргэд ehalamj.mn цахим хуудас, төрийн үйлчилгээний цахим машин "ТҮЦ" машин, ebarimt аппликэйшн, емонголиа зэрэг системийг ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ гаргах боломжтой юм.