ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Улсын хэмжээнд вакцинд хамрагдсан covid-19-ийн халдвараар таван хүн нас баржээ. Гэхдээ эдгээр хүмүүс нь вакцинаас болоогүй бөгөөд архаг хууч өвчтэй, вакцин хийлгээд 14 хоноогүй байхдаа халдвар авсан байна.
Мөн сүүлийн үед халдварын тоо буурахгүй байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байгаа бөгөөд цаашид халдвар, нас баралт буурахгүй байж болзошгүй гэдгийг анхаарууллаа.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Л.БАТТӨР:
"Өдөрт бүртгэгдэх тохиодлын тоо нэмэгдэж байна. Хөл хорионы үр дүнд халдварын тохиолдол, нас баралтын тоо буурч байсан. Гэхдээ эргээд давалгаа үүсэх хандлагатай байна. Ингэхээр тохиолдлын тоо, нас баралт өсч болзошгүй. Эсрэг заалттай, эргэлзсэн иргэд их байна. Вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн хүмүүсийн 0.5 хувь нь халдвар авсан байсан. Хоёрдугаар тунгаа хийлгэсэн ч 14 хоногийн дотор халдвар аваад, дархлаа тогтохгүй байна. Үүнийг бид судалж байгаа. Монгол улсад Covid-19-ийн улмаас нас барсан хүмүүс дотроос тав нь вакцин хийлгэсэн хүмүүс. Гэхдээ вакцинаас болоогүй. Эдгээр хүмүүс вакцин хийлгээд 14 хоногийн дотор халдвар авсан. Мөн архаг хууч өвчин нөлөөлсөн. Хөл хорионы зэрэглэлийг бууруулсан, тавдугаар сарын 22-ноос орон нутгийн замыг нээсэн, Ерөнхийлөгчийн сонгуультай гээд хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо эргээд нэмэгдэж эхэлж байна. Халдварын хамгийн оргил үеийн тархалтыг дагаад нас баралт, хүндрэл нэмэгддэг. Хөл хорионы үр дүнд тархалтын тохиолдлын тоо буураад, үүнийг дагаад 14-21 хоногийн дараа нас баралтын тоо буурах ёстой гэсэн тооцооллуудыг хийж байсан. Энэ дагуу нас баралт буурч байгаа гэв.