Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба, Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран “Хүүхдэд ээлтэй жолооч” нэгдсэн арга хэмжээг 2021 оны 5 дугаар сарын 24-нөөс 6 дугаар сарын 20-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Замын хөдөлгөөнд том хүн төдийгүй хүүхдүүд унадаг дугуйтай оролцох нь ихэссэн. Үүнээс үүдэн 15 хүртэлх насны хүүхдүүд осол аваарт өртөн, бэртэж гэмтлийн тасагт ирэх нь их байна. 10-16 насны хүүхдүүдэд зориулалтын суудал өндөрсгөгч хэрэглэдэггүйгээс зам тээврийн осолд хүүхэд өртсөн тохиолдолд ихэвчлэн нуруу нугасны хүнд гэмтэл авдаг байна.
Томчууд бага насны хүүхдээ дагуулан авто замын хөдөлгөөнд явганаар оролцохдоо гэрлэн дохиог анзаардаггүй, гарцгүй газраар зам хөндлөн гардаг зэрэг өөрсдийн хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалан хүүхдээ зам тээврийн ослын хохирогч болгох тохиолдол гардаг.
Зам тээврийн осол нь хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг бөгөөд 5-9 насны хүүхэд явган явж байх үедээ тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтсэн тохиолдол ослын ихэнхийг эзэлж буй юм.
Иймд сарын хугацаанд зохион байгуулах арга хэмжээний хүрээнд холбогдох байгууллагууд батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран иргэд, ААНБ-дад хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн зөрчлөөс амь нас, эрүүл мэндийг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллахаар болжээ.