Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанаас энэ сарын 10-наас эхлэн 11 хоногийн хугацаанд Алтайн аргаль хонь, янгир ямааны хаврын тооллогыг зохион байгууллаа.
Тооллогод Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын Талдгийн их уул, Их, бага Ойгор, Сийлхэмийн нурууны “А” хэсгийн Борбургас, Гурван хайсансар, түүний орчны бүс болох Хүрэн хайрхан, Баянзүрх, Их, бага Асгат, Төмөрт зэрэг газруудыг хамруулжээ.
Энэ үеэр Шивээт хайрхан, Талдгийн их уул, Их, бага Ойгор орчимд 118 аргаль хонь, 100 гаруй тооны янгир ямаа, Сийлхэмийн нурууны БЦГ-ын “А” хэсгээс 390 гаруй, Халзан, Буга, Байжин, Хулжаа, Гурван хайсансар, Хүрэнхайрхан орчимд 280 гаруй, Баянзүрх, Их, бага Асгат, Төмөрт орчимд 100 гаруй аргаль хонь тус тус тоологджээ.
Судалгаанд хамруулсан бүс нутагт нийтдээ 1017 аргаль хонь, 120 гаруй янгир ямаа бүртгэгдсэн байна.