
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимпод оролцох баг тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзжээ.
Уулзалтын эхэнд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа. “Токио-2020” зуны олимп, паралимпын эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг ирэх сарын 1-нээс энэ оны есдүгээр сарын 30 хүртэл сард 1.5 сая төгрөг, цаашид тамирчны цалинг сард 1.2 сая төгрөг, дасгалжуулагчийн цалинг 1.5 сая төгрөг хүртэл нэмэхээр шийдсэн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ”Засгийн газар баг, тамирчдаа бүхий л талаар анхаарч дэмжинэ. Өнөөдрийн шийдвэр бол сэтгэлийн дэм юм. Та бүхэн минь авьяас чадвар, хурд хүчээ дайчлан өндөр амжилт үзүүлж монгол түмнээ баярлуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Мөн алтан соёмбот төрийн далбаагаа өндөрт өргөж, олимпын медальтан олноор төрүүлэхийн ерөөл дэвшүүлээд Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, хөдөлмөрийн баатар, ардын багш Ч.Насантогтоход төрийн далбаа гардууллаа.
Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтох “Манай тамирчид Токиогийн олимпод амжилт гаргах бүрэн бололцоотой. 2008 оны олимпын амжилтаа бататгах бүрэн итгэлтэй байгаа” гэв.