Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хиймэл орцтой, үйлдвэрийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг "Зөгийн бал" гэж нэрлэн худалдаалсан гэх хэрэглэгчийн гомдлын дагуу хяналт, шалгалт хийжээ.
Уг асуудал нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2.2- т заасны дагуу хэрэглэгчийг төөрөгдүүлж, үйлдвэрлэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон тул 5,000,000 төгрөгөөр торгож, лангуунаас тус барааг татуулж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.
Тухайн зөгийн бал гэх бүтээгдэхүүнүүдийн найрлагад зөгийн бал ороогүй бөгөөд хиймэл үйлдвэрийн аргаар боловсруулан гаргаж авсан талаар шошгонд нь тэмдэглэжээ.
Зөгийн аж ахуй эрхлэгчдийн зүгээс дээрх асуудлаар цөөнгүй байр суурь илэрхийлдэг. Тэдний зүгээс байгалийн балт зөгийн органик бүтээгдэхүүнээс бусад үйлдвэрийн аргаар боловсруулсан эдгээр бүтээгдэхүүнийг "Зөгийн лав" гэх зэргээр ангилах ёстой гэж үздэг юм.