
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын нийт газар нутгийн 13.6% буюу 53664,88 га талбайн хөрс их, бага хэмжээгээр доройтсоноос хөл газрын ургамлын тархалт нэмэгджээ. Үүний улмаас хүн амын дунд шарилж, луулийн цэцгийн тоосноос үүдэлтэй харшил өвчний тохиолдол эрс ихэссэн.
Хөл газрын ургамал нь бохирдсон, элэгдэж эвдэрсэн, доройтсон хөрсөнд ургадаг байна. Манай оронд зонхилон ургадаг шарилж лууль болон бусад хөл газрын ургамал нь 7, 8 дугаар сард цэцэглэж, 9 дүгээр сард үрлэдэг тул хадалт, тайралтыг тухайн жилийн хур тунадасны хэмжээнээс хамааран 6 дугаар сарын сүүлээс 8 дугаар сарын сүүл хүртэл үе шаттайгаар хийдэг.
Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүр өөрийн эзэмшлийн газар, түүний ойр орчмын талбайд ургаж буй шарилж, лууль болон бусад хөл газрын ургамлын эхний тайралтыг 6 дугаар сарын сүүлээр 5-8 см, хоёр гурав дахь тайралтыг ургамлын өсөлтөөс хамааруулан 7, 8 дугаар сарын сүүлийн хагаст 8-10 см өндөртэй байхаар хадаж тайрах чухал юм.
Тайралтыг тогтсон хугацаанд 2-3 жил дараалан хийснээр хөрсний чийгийг тогтмол хэмжээнд байлгах, хөрсний бичил организмын амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөрсний доройтлыг бууруулж, ургамалжилт дахин бүрэлдэх нөхцөлийг бүрдүүлэхээс гадна хөл газрын ургамлын тоосны харшилаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой аж.