Хэт талхлагдсан бэлчээрийг байгалийн нөхөн сэргээлтээс гадна тэжээлийн ургамал тариалж сэргээх боломж байна. Манай улсын ШУА-ийн харьяа Газарзүй-геоэкологийн хүрээлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн эрдэмтэн судлаач нар хамтран талхласан бэлчээрийг сайжруулах технологийг боловсруулж уг ажлыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Манай улсын нийт бэлчээрийн 70 шахам хувь нь тодорхой хэмжээгээр доройтсон, тэр дундаа тал хээрийн бүсэд энэ үйл явц эрчимтэй явагдаж байна. Тухайлбал, 2006 онд Булган аймгийн бэлчээрийн 60 гаруй хувь доройтож гадна, дотны нөлөөнд өртсөн бол энэ онд 80-90 хувь болон өсжээ.
Хоёр орны эрдэмтэн судлаачид бэлчээр нь ноцтой байдалд хүрч доройтсон Булган аймгийн Гурванбулаг сумыг сонгон дээрх туршилт судалгааг хийж эхэлжээ. Энд Бэлчээрийн эрдэм шинжилгээ, туршилт судалгааны төв байгуулан байгалийн нөхөн сэргээлтээс гадна тэжээлийн ургамал тарих технологийг хөгжүүлэх туршилтыг давхар хийж байна. Орон нутгаас тэжээлийн ургамлыг тариалах сортын талбайг гаргаж өгсөн бөгөөд тухайн орон нутагт тэсвэртэй ургах, тухайн нутагт дасан зохицох ургамлыг тариалах туршилтын ажлыг гүйцэтгэж байна.
Эх сурвалж:МОНЦАМЭ