Хятад улс гэр бүл дэх хүүхдийн тоог гурав болгон нэмэгдүүлэв


Хятад улсын гэр бүлүүдэд гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрөх шийдвэр өнөөдөр гарчээ. Тус улсын төрийн тэргүүн Ши Жиньпиний даргалсан Хятадын Коммунист Намын улс төрийн товчооны хурлаас ийм шийдвэр гарсан байна.

Хүн амын хэт өсөлтийг хязгаарлах зорилготой “өрх бүрт нэг хүүхэд” бодлогыг 1979 онд Хятад улс нэвтрүүлж байсан юм. Энэ бодлогыг 2016 онд халж, хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн ч хүүхдийн төрөлт төсөөлж байснаас бага нэмэгдсэн тул өнөөдөр гурав болгон нэмэгдүүлж байна.

Тухайлбал 2020 онд Хятад даяар 12 сая хүүхэд мэндэлсэн нь 2016 оны 18 саяас нэлээд хэмжээгээр буурсан үзүүлэлт юм. Өнөөдөр гаргасан энэхүү шийдвэр нь хүн амын хөгшрөлтийг бууруулж, насны бүтцийг сайжруулах зорилготой цогц арга хэмжээний нэг хэсэг гэжээ. 

Гэр бүлүүдийн хүүхдийн тоог нэмэгдүүлэхээс гадна тэтгэврийн насыг хойшлуулах, залуу үеийнхэнд гэр бүл, хамтын амьдралын үнэ цэнийг багаас нь ойлгуулах ажлыг боловсролын системд тусгах, хүүхэд асрах үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, амаржсан эхчүүдэд урт хугацааны чөлөө олгох, төрөлтийн даатгалын систем нэвтрүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөжээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ