Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тодруулбал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тухайн хүүхэд, асран хамгаалагч өрх, иргэн авч чадахгүй байх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлддэг асран хамгаалагч мөнгийг зохисгүй хэрэглэдэг бол мөнгийг хүүхдийн нэр дээрх дансанд нь шилжүүлэхээр болсон.
Үүний дотор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 0-18 насны хүүхдэд зарцуулахгүйгээр тухайн асран хамгаалагч /эцэг эх, эмээ, өвөө зэрэг/-ийн холбосон данс эзэмшигч нь архидан согтуурах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд эрхийг нь цуцална. Ингэхдээ гэр бүлийн улсын байцаагч өрхөд үнэлгээ хийж, тухайн данс эзэмшигчийн эрхийг цуцлах шийдвэр гаргах зохицуулалт хийжээ.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1.2 сая хүүхдэд мөнгөн тэтгэмж олгож байна. Үүнээс 900 гаруй нь гэр бүлийн зохисгүй хэрэглээнд мөнгө зарцуулдаг гэх судалгаа гарчээ.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зорилго нь хүүхдийг хүнсний тэжээл дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх, витаминжуулалт, хүнсний нэмэлт авахад үзүүлж буй тусламж юм. Хүүхдийн мөнгөний зохисгүй хэрэглээ гэдэгт эцэг эх нь архины хамааралтай, хүүхдээ асран хамгаалдаггүй, өөр хаяг дээр амьдардаг, өөр гэр бүл зохиосон буюу тэтгэмж авагч хүүхдээс тусдаа амьдрагч иргэний дансанд мөнгөн тусламж шилжин орохыг хамааруулан ойлгож болно.
Хэрэв асран хамгаалагч хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зохисгүй зарцуулж, архидан согтуурах зэрэг асуудал гарвал 21 аймаг есөн дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний анхан шатны нэгжид иргэд гомдол гаргаж болох аж. Энэ дагуу улсын байцаагч тухайн өрхөд хяналт тавьж, асран хамгаалагчийн дансны эрхийг цуцалж, мөнгөн тэтгэмжийг хүүхдийн дансанд түр байршуулах юм. Ингээд тухайн хүүхдийг асран хамгаалж, мөнгөн тэтгэмжийг зөв зохистой хэрэглээнд зарцуулж буй асран хамгаалагчийн дансанд холбох боломж нь нээлттэй байх гэнэ.