140,3 сая ам.доллараар бүтсэн хурдны зам яагаад хагарсан шалтгааныг тодруулж байна


Улаанбаатар хотыг Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудалтай холбосон авто зам нийслэл рүү ирэх чиглэлийн урсгал дагуу цуурчээ. Цууралт 115 метр урт, 50 см хүртэлх гүнтэй дөрвөн хуруу өргөнтэй байгаа юм. Тэгвэл энэ автозамын эвдрэлтэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын зохицуулалтын газар- аас мэдээлэл өгчээ.

Уг мэдээлэлд "Барилгын ажил 2019 оны есдүгээр сард дууссан. Өнгөрсөн жил энэ зам дээр дагуудаа үргэлжилсэн хагарал үүссэн. Иймээс эвдрэлийн шалтгааныг тогтоохоор Зам тээврийн яам гүйцэтгэгч болон төслийн зөвлөгч компанитай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Хагарлыг хэрхэн засах талаар гүйцэтгэгч компани аргачлал, төлөвлөгөөгөө гаргаж өөрийн хөрөнгөөр хийнэ. Манай орны нөхцөлд замын хөндлөн хагарал байнга гардаг. Дээрх замын хагарлын хувьд 7-10 метрийн өндөртэй эргэц, тойруутай хэсэгт гарсан учраас технологиос эсвэл байгалиас болсон уу гэдгийг тогтооно. Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа долоодугаар сард эхлэхээр төлөвлөж байгаа учраас үүнээс өмнө засварлаж хэвийн болгохоор ажиллаж байна" гэжээ. 

Авто замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулсан бөгөөд “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32.226 км урт, асфальтбетон хучилттай зорчих хэсгийн өргөн 31.0 м, 2 урсгал 6 эгнээ зорчих хэсэгтэй юм. Уг төслийн ажлын нийт өртөг нь 140,3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг 3 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр улсын ашиглалтад оруулсан ч одоог хүртэл нээгээгүй байна.

Барилгын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй /EPC/ гэрээг Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр байгуулж, 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр эхлүүлсэн бөгөөд туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Бадрах Ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус тус ажилласан. Авто замын барилгын ажилд өдөр тутмын хяналтын зөвлөх  үйлчилгээг БНХАУ-ын “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” ХХК болон “Эс Ар Пи” ХХК хамтран гүйцэтгэсэн байжээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ