“Сүрьеэ - Ковид-19 халдвар” илрүүлэг үзлэгт 130.403 хүнийг хамруулна


Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, “Глобаль” сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Сүрьеэ - Ковид-19 халдвар” илрүүлэг үзлэгийн төслийн нээлт өнөөдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Нэмүүлэн” өрхийн эрүүл мэндийн төвд боллоо.

Дэлхий нийтээрээ коронавируст (КОВИД-19) цар тахлын халдвартай тэмцэж байгаа энэ үед эрүүл мэндийн салбар бусад тусламж үйлчилгээг орхигдуулалгүй ард иргэдэд үзүүлж байгаа хэдий ч 2020 онд нийт 58.046 (2019 онд 215.010) иргэнийг сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулж 294 тохиолдлыг илрүүлсэн нь 2019 онтой харьцуулахад 3.7 дахин буурсан үзүүлэлттэй байна.

Манай улс сүрьеэгийн өвчлөл өндөртэй 22 орны нэгд тооцогддог бөгөөд хүн амын дунд сүрьеэ өвчний бодит тархалтыг тогтоох үндэсний судалгаагаар 100 мянган хүн амд 428 тохиолдол бүртгэгдэж, тархалтын түвшнээр 10 дугаарт эрэмбэлэгдэж байна. ДЭМБ-ын хийсэн тооцооллоор, жил бүр 12.000 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэхээс эрүүл мэндийн байгууллагууд зөвхөн 1/3 буюу 4000 гаруй тохиолдлыг л илрүүлж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл ЕБС-иудад голомтлон гарах болсон төдийгүй гэр бүлийн хүрээний хавьтал, сүрьеэгийн халдвар авах эрсдэлт бүлгийн хүн амын дунд өвчлөл нэмэгдэж буй нь иргэдийг сүрьеэ өвчний илрүүлэг үзлэгт өргөн хамруулж, оношилсон тохиолдолд цаг алдалгүй бүрэн эмчлэх нэн шаардлагатай байгааг харуулж байна.

“Сүрьеэ - Ковид-19 халдвар” илрүүлэг үзлэгт ШШГЕГ-ын харьяа 23 хорих анги, аж ахуй нэгж байгууллагын ажилтан албан хаагч, ЕБС-ийн багш ажилтан, сурагч болон хороодын эрсдэлт бүлгийн иргэдийг хамруулах бөгөөд нийслэлийн хэмжээнд 95.700, улсын хэмжээнд 130.403 хүнийг хамруулахаар төлөвлөжээ. Сүрьеэгээр өвчлөх эрсдэлт бүлгийн хүн амыг сүрьеэ болон коронавируст (КОВИД-19) халдварын илрүүлэг үзлэгт хамруулж, эрт оношилж, хугацаа алдалгүй эмчилгээнд хамруулснаар хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ