Халдварын тохиолдлын тоо хэзээ буурч, манай улс дархлаажуулагдсан улс болох вэ гэх асуудал сүүлийн үед нэлээд яригдаж байна. Тэгвэл тархвар судлалаас үзвэл хүн амын 70 хувийг вакцинд хамруулснаар сүргийн дархлаа тогтдог гэж тооцдог гэдгийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэллээ.
Өөрөөр хэлбэл, 10 хүн тутмын 7 нь дархлаажуулалтад ямар нэг байдлаар хамрагдаж байж тохиолдлын тоо эрс буурдаг.
Өнөөдрийн байдлаар манай улс 18-аас дээш насны иргэдээ дархлаажуулахаар төлөвлөсөн. Энэ нь нийт хүн амын 60 хувь гэсэн үг. Харин нийт хүн амын 70 хувийг дархлаажуулах ёстой гэвэл бид зайлшгүй хүүхдүүдийг вакцинд хамруулах шаардлагатай болж байна.
Тодруулбал, одоогоор манай улсад 0-17 насны 1,185,991 хүүхэд бий. Үүнээс 12-17 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж байж хүн амын 70 хувьд дөхөж очно. Хэрэв шаардлагатай бол 290,068 хүүхдэд Pfizer вакциныг хийх боломжтой.
Pfizer вакциныг 12-15 насны хүүхдэд хийхийг АНУ, ХБНГУ, Канад болон Европын холбооны улсууд зөвшөөрсөн бөгөөд одоо хийгээд явж байгаа юм. Халдварын тархалтыг бууруулахад хүүхдийг вакцинжуулах хэрэгтэй нь тодорхой болсон учраас дээрх улсууд хүүхдүүдийг дархлаажуулж буй.
Монгол Улс 16-17 насны хүүхдүүдийг эцэг, эхийнх нь зөвшөөрлөөр вакцинд хамруулах тооцоо, судалгааг хийж байна. Ер цаашид нийт хүн амын 70 хувийг дархлаажуулах шаардлагатай болбол 8-15 насны хүүхдүүдийг ч вакцинжуулахаас өөр аргагүй байдалд хүрнэ" гэсэн юм.