Вакцинжуулалт хүний эрхийг зөрчиж буй эсэх асуудлаар Ажлын хэсэг байгуулна


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний төлөөлөл, иргэн Ж.Занаа, Д.Сүхгэрэл, Цэрэн, Ж.Одонгоо, Отгонцэцэг нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр нар байлцав.
“Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний гишүүд:
  • Covid-19-ийн бүх төрлийн вакцинжуулалтыг зогсоох;
  • Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг хаан боогдуулсан, хясан хавчсан, ялгаварлан гадуурхсан, тулган шаардсан үйлдлүүд болон Засгийн газар, бусад шатанд хэрэгжиж байгаа журам, заавруудыг хүчингүй болгох; (Тухайлбал, Засгийн газрын 124-р тогтоол, УОК-ын 2021 оны 40-р тушаал, Эрүүл мэндийн сайдын А/310 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын А/365 дугаар захирамж)
  • Дархлаажуулалтын хууль, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиудад заасан хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоохгүй байх, ялгаварлахгүй, гутаан доромжлохгүй байх, сэтгэл зүйн дарамт, хохирол учруулж болзошгүй мэдээлэл тараахгүй байх зэрэг заалтуудын хэрэгжилтийн талаар олон нийтийн хэлэлцүүлгийг нэн даруй зохион байгуулах гэсэн шаардлагыг УИХ-ын даргад өргөн барилаа.
Тэд вакцинжуулалт нь монгол хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байна, 15-17 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэлээ хангаж байгаа нь буруу, вакцинжуулалтад хамрагдаагүй гэдэг шалтгаанаар иргэдийн зорчих, эрүүл мэндээ хамгаалуулах, үйлчилгээний болон бусад байгууллагаар үйлчлүүлэх, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах, түүнд оролцох зэрэг эрхийг хаан боогдуулж, сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулна гэсэн мөртлөө хүчээр хамруулж, шахан дарамталж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Та бүхний хүний эрх, хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж байгааг буруутгахгүй байна. Гэхдээ нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг мартаж болохгүй. УИХ хүний эрхийг хамгаалах чиглэлд онцгой анхаарч, одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 200 гаруй хуульд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийх гэж байна.

Хэрвээ коронавирусийн халдвараас сэргийлэх, вакцинжуулах арга хэмжээг зохион байгуулахдаа хүний эрхийг зөрчиж байгаа бол анхааралдаа авч, хэлэлцэж ярилцах ёстой. Тиймээс Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж ажиллуулъя, иргэдийн оролцоотой Нийтийн сонсгол зохион байгуулъя. Та бүхэн энэ хэлэлцүүлэгт оролцох боломжтой гэлээ.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Манай байнгын хороо Covid-19-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, вакцинжуулалтын явц, үр дүн, хүний эрхийг хамгаалах асуудлаар байнга ярилцаж, холбогдох зөвлөгөө, санал, дүгнэлтийг Засгийн газар, УОК-т өгч ажиллаж байна. Та бүхэн өөрсдийн санал бодлоо манай Байнгын хорооны нэр дээр ирүүлж, хамтран ажиллаж болно” гэсэн бол УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр “Ойрын үед УИХ Хүний эрхийн үндэсний комиссын тайланг хэлэлцэх гэж байна. Энэ хүрээнд Та бүхний хөндсөн хүний эрх зөрчигдөж байна гэсэн асуудлаар тусгайлан Нээлттэй сонсгол хийе” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: parliament.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ