Н.Наранцацралт: Замын-Үүдэд ажиллаж байгаа Засгийн газрын төлөөлөгчид “шоудаж“ байна

-МАНАЙ УЛСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЭДИЙН ЗАСАГ ХҮНД, ХУДАЛДАН
АВАХ ЧАДВАР БАЙХГҮЙГЭЭС Л ЭРЭЭНД АЧААГҮЙ БОЛСОН-
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчдийг Замын-Үүд суманд ажиллах хугацаанд хилийн бүс дэх автомашин, авто болон төмөр замын тээврийн ачаа тээвэрлэлт 2021 оны долдугаар сарын 2-25-ны хугацаанд авто замын боомтын хяналт шалгалтын бүсэд ачаагүй 594, боомтын гадна талд ачаатай 86, ачаагүй 1212, нийт 1892 ачааны автомашин дараалалд зогсож байгаа гэх мэдээллийг өгч байгаа юм. Тэгвэл Замын-Үүд-Улаанбаатар, Замын-Үүд-Эрээний чиглэлд ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг жолооч нар болон Эрээнээс Замын-Үүд чиглэлд тээвэр зуучлалын үйлчилгээ эрхэлдэг байгууллагын удирдлагууд бодит байдлын талаар бидэнтэй сэтгэгдлээ хувааалцсан юм.
.Inner Mongolia Shuang Tong International Freight Forwarding Co,Ltd-ийн захирал Н.Наранцацралтай ярилцлаа.

-Замын-Үүд хилийн боомтод Засгийн газрын бие төлөөлөгчид ажилласнаар хоёр улсын ачаа эргэлт нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Таны хувьд Эрээнээс Улаанбаатар чиглэлд ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг компанийн захирлаар ажилладаг. Нөхцөл байдал ямар байна вэ?
-Хэд хоногийн өмнөөс хэвлэл мэдээллийн байгууллагууд болон цахим орчинд цацагдсан мэдээллийг хараад гайхаж л байлаа. Монголчуудын яриад байдаг улс төр, шоу гээч нь л энэ юм байна гэж бодож суулаа. Миний өнцөг 100 хувь үнэн байх албагүй ч үнэнд илүү ойртоно. Өдөр бүр Замын-Үүдээс Эрээн, Эрээнээс-Замын-Үүд чиглэлд ачаа эргэлт хийж байгаа. Замын-Үүдээс Эрээн чиглэлд өнөөдрийн байдлаар 90 автомашин, 10 нүүрс тээвэр, 10 экспортын автомашин гарч байна. Наадмаас хойш 100-гаас дээш тоогоор ачаагүй автомашин Эрээн рүү нэвтрүүлээгүй. Хоёр сар орчмын өмнө Шадар сайдыг Замын-Үүдэд ажиллах үеэр хоёр өдөр 150 автомашин Эрээн рүү нэвтрүүлсэн. Тухайн үед юу болсон бэ гэхээр Эрээнээс Замын-Үүд гарах хөдөлгөөнөө зогсоосон. Учир нь “Замын-Үүдийн удирдлагууд биднийг гуйсан. Хоёр өдөр яаж ийж байгаад 150 автомашин авчихаач гэсэн.Тиймээс гарах дээр ажиллах хүн хүч хүрэлцэхгүй байна” гэсэн. Үнэндээ Эрээний гаалийнхан хүсвэл хүн хүчээ нэмэгдүүлж, илүү цагаар ажиллах бүрэн боломжтой. Гэсэн ч айлын тал үүнийг хүсэхгүй байна.
-Эрээнд үүссэн ачаа барааны бөөгнөрөл багассан гэж байсан шүү дээ?
-Эрээнд ачааны бөөгнөрөл багасч, үнэ буурсан нь Засгийн газрын төлөөлөгчид ажиллаж, ариутгалын хаалга сольсонтой огт холбоогүй. Би Монголын тээвэр зуучлалын компаниуд болон бизнесийн компаниудтай хамтарч ажилладаг. Үнэндээ тэд Эрээнээс-Замын-Үүд чиглэлийн тээврийн зардлыг дийлэхээ болилоо гээд худалдан авалтаа зогсоочихсон. Бид ийм үнээр худалдан авалт хийж чадахгүй юм байна гэж байна. Ийм учраас Эрээний ачаалал багассан. Ачаа багасчихаар наашаа орж ирсэн машинууд ачих ачаагүй учраас үнээ бууруулж байна. Хоёр гурван сарын өмнө жолооч нарыг би царай алддаг байсан. “Миний ачааг ачаад өгөөч. Таван мянгыг илүү төлье” гэхээр өнөөх жолооч нар өөр нэгэн рүү залгаад илүү үнэ хэлэхээр тэдний ачааг ачих жишээтэй. Энэ мэтчилэн ачаа барааны тээврийн үнэ өссөн.
-Тэгвэл одоо ачаа тээврийн үнэ буурч хэдэн төгрөгийн ханштай болсон байна вэ?
-Над дээр мөнгөө төлөөд бараагаа худалдан авч чадахгүй байгаа олон захиалга байна. Тийм өндөр өртгөөр Монголд авч ирээд борлуулах боломжгүй гэдгээ мэдчихсэн. Гэтэл нөгөө талд Засгийн газраас баг ажиллаж байгаа юм чинь үнэ нь буурч, асуудал шийдэгдэх байх, эртхэн ачуулж байя гэсэн ч үйлдвэрийн газруудаасаа Эрээн рүү ачаагаа гаргуулж чадахгүй хүмүүс ч байна. Үнэндээ манай улсын бизнес эрхлэгчдийн эдийн засаг хүнд, худалдан авах чадвар байхгүйгээс л Эрээнд ачаагүй болсон.
Түүнээс биш жилийн жилд өдийд хамгийн их ачаалалтай ажилладаг. Гаалийн газрын статистик тоог хараарай. Өдөрт 300-500 автомашин Эрээнээс-Замын Үүд рүү гардаг байсан. Монгол Улсын барилга, тээвэр, зам, ХАА гээд бүх салбарынхан өдийд ид ажиллаж байдаг. Энэ үед ачаагүй болж байсан түүх байхгүй. Энэ бол Эрээнд үйл ажиллагаа явуулдаг хэдэн зуун тээвэр зуучлалын байгууллагад тулгамдсан асуудал. Гэтэл ийм бодит байдлыг үнэлж чадахгүй Замын-Үүдэд ажиллаж байгаа Засгийн газрын төлөөлөгчид “шоудаж” байна. Ариутгах хаалга сольсондоо ч биш. Яс юман дээр тэр ариутгалын хаалгыг захиалчихсан, ирэх гэж л байсан юм билээ. Баг солигдонгуут л ирчихсэн биш. Энэ ариутгалын хаалга Замын-Үүдийг ногоон болгоход нөлөөлөх өчүүхэн нэг л үзүүлэлт. Бүх зүйл тэр хаалганаас болсон мэт ойлголт өгч байна.
-Монголын бизнес эрхлэгчид бараа эрхлэгчид БНХАУ-аас худалдан авалт хийж чадахгүй энэ байдал удаан үргэлжилбэл улсаараа бараа бүтээгдэхүүний хомсдолд орох, эсвэл өндөр үнээр бараа бүтээгдэхүүн худалдан авах гэсэн хоёр сонголтын өмнө ирэх нь ээ?
-Зарим хүмүүс өндөр үнээр бараагаа татсан. Одоо бүр тэдний тэвчээрийн хязгаарт тулчихсан. Өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг худалдан авах санхүүгийн чадвартай хүн алга. Ингээд бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүн нь зарагдахгүй болохоор эргэлтийн хөрөнгөгүй болчихсон байна. Манай улс үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон. Тэгэхээр энэ байдал удаан үргэлжилбэл манай улс хүндхэн байдалд орно. Үнэндээ Замын-Үүдэд ажиллаж байгаа Засгийн газрын баг тэнд ажилласнаар тээврийн үнэд нөлөөлөхгүй. Харин тэд Монгол руу оруулахдаа гаалийн байцаагчид хахууль өгч татвар төлөхгүй карго нэрээр оруулдаг их хэмжээний бараа бүтээгдэхүүний асуудлыг алга болгочихвол манай улсад их хэмжээний татвар шударгаар төлөгдөнө. Энэ нь их бага хэмжээгээр улсын төсөвт сайнаар нөлөөлнө. Энэ баг ийм л ажлаа хий.
-Өнөөдрийн байдлаар ачаа тээврийн өртөг ямар үнэтэй байна. Цаашид буурах хандлагатай байгаа гэж ойлгох нь зөв үү?
-Өнөөдрийн байдлаар 60000 юань болчихсон байна. Энэ үнэлгээ наймдугаар сарын 1-нээс дахиад жаахан буурах болов уу гэсэн хүлээлт байгаа. Тиймээс өөрийнхөө харилцагчдыг ачаагаа ачуулахыг түр хүлээж байхыг хэлж байна.
Б.Чинзориг: БНХАУ руу гаргах автомашины тоог нэмэхгүй л бол Замын-Үүд дэх автомашины бөөгнөрөл улам нэмэгдэнэ
Замын-Үүдийн тээврийн жолооч Б.Чинзоригтой ярилцлаа.

-Замын-Үүдэд Засгийн газраас томилогдсон баг ажиллаж эхэлснээс хойш оочер дарааллын асуудлууд шийдэгдсэн гэх мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар Замын-Үүдэд тээвэр хийдэг жолооч нарын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөөч?
-Өнөөдрийн байдлаар хэвлэл мэдээллийн байгууллагаар цацагдаад байгаа мэдээлэл шиг бүх асуудал шийдэгдчихсэн зүйл ховор байна. Дараалал дугаарын хувьд 3000 тээврийн хэрэгсэл дугаарлаж байна. Үүнээс зам дээр зогсож дугаарлаж байгаа нь 1200 орчим байна. Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн хувьд зам дээр бөөгнөрч дараалал үүсгэж байсныг цахим бүртгэлд оруулж тээврийн хэрэгслүүдийг нь өөрсдийн эзэмшлийн хашаанд байрлуулах ажил хийж байна. Түүнээс биш оочер дараалал цэгцрээд, Эрээнээс татаж авах ачаагаа бүгдийг нь татаад авчихсан зүйл байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан шиг 2500 автомашин ачаа татаад, Эрээнд ачааны бөөгнөрөлгүй болголоо гэдэг нь худал мэдээлэл.
-Өдөрт хэдэн автомашин орж ирж байна. Манай улсаас хичнээн автомашин Эрээн рүү гарч байна?
-Замын-Үүд хилийн боомтын гарах чиглэлд өдөрт 110 автомашин гаргаж байгаа бөгөөд үүний 10 нь нүүрс тээврийн, 90 нь хоосон буюу Эрээнээс ачаа ачих зорилготой автомашин, үлдсэн 10 нь импортын автомашин гарч байна. Харин Эрээнээс Замын-Үүд чиглэлд 150 орчим автомашин орж ирж байна. Үүнээс ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашин орж ирж байна.
-Замын-Үүд дэх жолооч нарын нөхцөл байдал ямар байна вэ. Өмнө нь сар 15 хоногийн хугацаанд нэг удаа ачаа ачдаг байсан шүү дээ?
-Замын-Үүдээс хойш 18 км газар байрлах Шаргын-Овоо гэх газар жолооч нарыг тусгаарлан байрлуулж байгаа. Нэгдүгээрт, тэнд байгаа жолооч нар Улаанбаатар хот болон 21 аймгаас тээвэр хийхээр ирж машинаа Замын -Үүдэд хэн нэгэн танилдаа үлдээгээд өөрсдөө тэнд тусгаарлагддаг. Хоёрдугаарт, тэдний үлдсээсэн машиныг нь Замын-Үүдэд хэн нэгэн дараалалд оруулна. Гуравдугаарт, Замын-Үүдийн зочид буудалд 70 жолооч тусгаарлалтад бий. Тэд Замын-Үүдийн чөлөөт бүсийн хашаан дотроос оочерт байгаа машиныг унаад Хятад-Монголын тэг шугам буюу хятад цэргийн тэнд хүргэнэ. Ингээд цааш дамжлага үргэлжилнэ. Дөрөвдүгээрт, Эрээнд Монгол талаас тусгаарлагдсан 45 жолоочоос тухайн машиныг аваад Эрээний хоосон машины зогсоолын гадаа машинаа тавина.
Ингээд машиныг нь хятад жолооч унаад ачаа ачих хашаа руу оруулна. Ачаа ачих талбай дотор машин хөдөлгөх бол бас нэг жолооч хөдөлгөнө. Ингээд ачаагаа ачаад бэлэн болсны дараа Хятадын гаалийн бичиг баримт бүрдүүлж Монгол руу гарах оочерт оруулна. Дарааллыг нь алдагдуулахгүйгээр урагшлуулж гаалийн хашаанаас гаргадаг бас нэг жолооч бий. Гаалийн хашаанаас гараад ирмэгц Эрээнд тусгаарлалтад байгаа 45 жолоочоос нэг нь ачаатай машинаа Хятад Монголын тэг шугам дээр авчирч өгнө. Ингээд Замын-Үүдэд тусгаарлагдаж байгаа 70 жолоочоос нэг нь тэг шугамнаас Монгол Улсын хилийн шугамны бүс дээр авчирна.
Үүнээс Шаргын-Овоонд тусгаарлагдсан жолооч машинаа аваад гаалийн хяналтын талбай руу оруулна. Өөрөөр хэлбэл, нийт 10 хүний гар дамжиж байж ачаатай тээврийн хэрэгсэл Шаргын-Овоонд байрлаж байгаа эзэндээ очиж байна. Нэг машин дараалалд зогсоход өнөөдрийн байдлаар 36-40 хоногт гарч байна. Цаашид энэ хоногийн тоо нэмэгдэнэ гэж бодож байна. Хэрэв манай улсын Засгийн газар, ГХЯ-наас БНХАУ-ын талтай хэлэлцээр хийгээд БНХАУ-руу гаргах автомашины тоог нэмэхгүй л бол Зам-Үүд дэх автомашины бөөгнөрөл улам нэмэгдэнэ.
-Жолооч нар тээвэр хийх үнээ 10 дахин өсгөсөн гэж байсан. Яагаад үнэ хөлсөө нэмэх болсон юм бэ?
-Өмнө нь Эрээнээс Улаанбаатар хүрэх ачааны машины зардал 7000-8500 юанийн үнэтэй байсан. Гэтэл энэ үнэлгээ өнөөдрийн байдлаар 60.000-70.000 юань болчихсон байна. Учир нь Эрээн рүү өдөрт 100 автомашин орж байна. Гэтэл Эрээнээс Монгол руу ачаа ачиж байгаа хятад болон өвөрмонгол хүмүүс биднийг очихыг аль эрт мэдчихсэн, бидний машинд ачаагаа аччихсан байдаг. Өөрт чинь ийм хэмжээний мөнгө өгнө гэдэг.
Заримдаа ямар ачаа ачсанаа ч мэдэхгүй үе байна. Тэгэхээр БНХАУ-ын зах зээлийн өрсөлдөөн, манай улсын хил гаалийн байдлаас ч болсон уу жолоочоос үл хамаарч тээврийн зардал өссөн. Түүнээс биш Эрээнд оччихоод “Би 70000 юаниар ачна” гээд үнэ өсгөөд байгаа юм биш. Эрээн рүү орж өөрийнхөө барааг ч ачиж амжаагүй байхад жижиглэнгийн бараа ачдаг өвөрмонгол, хятад хүмүүс ачаагаа хурдан явуулж, дундаас нь ашиг олохыг боддог.
-Энэ үнийн өсөлт монголчуудын амьдралд болон бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байна гэж та харж байна?
-Эцэстээ хэрэглэгчийн нуруун дээр энэ үнийн өсөлт ирнэ шүү дээ. Монголын бизнес эрхлэгчдийн зарим нь Эрээнээс ачаагаа авч чадахгүй байгаа. Учир нь тэдний төсөвлөсөн хөрөнгөнөөс илүү гарчихаж байна. Бараа бүтээгдэхүүн татсан зардал нь ашиг орлогоосоо ч илүү давчихсан байна. Тэгэхээр зардал өртгөө шингээхийн тулд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Үнэ нэмэгдүүлдэг гол хүчин зүйл жижиглэн буюу карго ачаа эрхлэгчидтэй шууд холбоотой.
-Жолооч нар дарааллаа урагшлуулахын тулд Замын-Үүдийн холбогдох байгууллагын албан тушаалтнуудад авлига өгдөг гэх асуудал яригддаг. Үүнд та юу хэлэх вэ?
-Энэ бол дараалалд зогсож байгаа жолооч нартай огт холбоогүй асуудал. Энэ олон машин дугаарлаад зогсож байхад аль нэг яам тамгын газрын нэр дээрх автомашинууд гээд цохолтоор Эрээн рүү гардаг байсан. Энэ чинь л авлигатай холбоотой асуудал байсан болохоос биш дарааллын дагуу зогсож байгаа жолооч нар ачааныхаа хөлсийг аваад дарааллын дагуу л явна. Зарим нэг жолооч нар төрийн албан тушаалтанд авлига өгч машинаа урдуур оруулах тохиолдол байсныг Засгийн гзраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчид ажилласнаар энэхүү асуудал цэгцэндээ орсон.
 
П.БАТЗАЯА

Өдрийн сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ