Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж, Бээжин хотноо зохион байгуулагдаж буй XXIV Өвлийн олимпын наадмын нээлтэд оролцсон билээ.
Уг айлчлалын талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийсэн. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хоёр улсын хооронд хэрэгжүүлэх боломжтой дэд бүтцийн томоохон төслүүд, тухайлбал, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам болон хос урсгалтай төмөр зам барих, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох, Гашуунсухайт боомтоор одоо гарч буй нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон" гэв.