Энэ сарын 14-нд Монгол Улс, БНХАУ-ын нүүрсний компаниудын хамтарсан семинар боллоо. Хоёр талын хамтарсан семинарт Монгол нүүрс ассоциаци оролцсон байна.
Монгол нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Монгол Улс энэ онд 30 сая тонн нүүрс экспортлох нөөц бололцоотой” гэж Семинарын үеэр мэдээллээ.
2017-2020 онд Монгол Улс дунджаар 33 сая тонн нүүрс экспортолсон байна. Харин цар тахлын үед нүүрсний экспорт хоёр дахин буурч, өнгөрсөн онд 15.9 сая тонн болжээ.
Уурхайнууд болон боомтуудын одоогийн хүчин чадлаар 30 саяас дээш тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой аж. Хэдий тийм боловч цар тахал, хилийн хязгаарлалттай холбоотойгоор бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа юм. Экспортын нийт хүчин чадлын тавны нэг нь л ашиглагдаж байгааг Монгол нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал онцоллоо. Мөн экспорт хил гаалийн нөхцөл байдал болон БНХАУ-ын худалдан авах хэмжээнээс хамаарч байгааг тодотгосон байна.
Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний таван сарын байдлаар 5.72 сая тонн болсныг Гаалийн ерөнхий газар мэдээлсэн юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 33.7 хувиар буурсан дүн болж байна.
Б.Аззаяа | @AzzayaaB
Bloomberg Tv