Өнгөрсөн оны 11 сарын дундуур манай улсад коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас бүх төрлийн тээвэр эргэлт удааширсан ч бараа материалын импорт бүрмөсөн зогсоогүй, үргэлжилж байна. Хил,боомтын нөхцөл хүндэрсэн нь тээвэрчдийн цалин, ахуй амьдралд нөлөөлж буй. Тиймээс хилийн боомтуудын өнөөгийн нөхцөл, саараад буй үйл ажиллагааг сэргээх, хэвийн журамд оруулах талаар ямар арга хэмжээ авч буй талаар хүргэхээр бэлтгэлээ.
Иргэдийн дунд хаасан мэт буруу ойлгогдоод буй Замын-Үүд төмөр замын боомтоор тээвэрлэлт хуваарийн дагуу хэвийн үргэлжилж байна. Цар тахлаас шалтгаалж Замын-Үүд авто замын боомтын ачаа тээвэр хоёр дахин буурсан ч бүрмөсөн зогсоогүй, өргөн хэрэглээний бараа, импортын бүтээгдэхүүн оруулж байгаа юм. Замын-Үүд боомтоор нэвтрэх машины тоог шат дараатай нэмэхийн төлөө Гадаад харилцааны яам, БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд идэвхтэй ажиллаж байгаа аж.
Урд хөрштэй хиллэдэг Шивээхүрэнгийн боомтын тухайд гуравдугаар сарын 31-нээс машин нэвтрүүлж эхэлсэн ч хэвийн үед өдөрт дунджаар 350 нүүрсний машин гардаг боомтын хөдөлгөөн 5-6 дахин буурчээ.
Монгол, Хятадын хилийн бусад боомтын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хэвийн байна. Тухайлбал, Булган-Такашикен боомтоор өдөрт дунджаар 80-100 машин улсын хилээр нэвтэрч байна. Энэ боомтын цагийн хуваарийг уртасгах талаар Хятадын талтай тохиролцож, гуравдугаар сарын 1-нээс амралтын өдрүүдэд ажиллах болсноор нүүрсний экспорт нэмэгдэх нөхцөл бүрджээ.
Хил, боомтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Монгол, Хятадын Гадаад харилцааны яамд Ковид-19-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэх цахим уулзалтыг зохион байгуулж үүсээд бус нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцсон.
Хятадын талаас манай улсын коронавирусын дэгдэлтийг анхааралтай ажиглаж буйгаа илэрхийлсэн. Нөхцөл байдал сайжирсан үед хилийн боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг шат дараатай хэвийн болгохын төлөө хамтарч ажиллахад бэлэн байгаа учраас цаашид аажмаар ачаа тээвэр сайжирна гэсэн хүлээлттэй байна.
Онцлоход Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Дорноговь, Өмнөговь аймгийг ногоон бүс хэмээн зарлаж, орон нутгийн орох-гарах хөдөлгөөнийг хориглоод буй. Цаашид өмнөд бүс нутагт өвчин бүртгэгдэхгүй тохиолдолд хэвийн байдалд шилжих боломжтой гэнэ.