Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболт, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн санхүүжилтийг эцэслэн тохиров

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболт, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн санхүүжилтийг эцэслэн тохиров

 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлалын хүрээнд хийсэн хэлэлцээрээр Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцлоо.

Ингэснээр Монгол Улс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоос гадна хоёр дахь төмөр замын боомттой болохоор байна. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын нүүрсний экспорт жилд 15 сая тонноор нэмэгдэх урьдчилсан тооцоо байгаа аж.

Түүнчлэн гурав дахь төмөр замын боомтын асуудал буюу Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаар Монголын талын хүсэлтийг БНХАУ-ын тал дотооддоо хэлэлцэхээр тохиролцлоо. Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын солилцоог нэмэгдүүлэх, хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон байна.

Цар тахлын дараа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байгаатай зэрэгцээд БНХАУ-ын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцсон нь өнөөдрийн хэлцлийн онцлох үр дүнгүүдийн нэг байлаа.

Монгол Улс, БНХАУ 2021 онд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.доллар хүргэх зорилтыг биелүүлж байсан бол цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой гэдэгт санал нэгдэв. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.

Мөн хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх давтамжийг нэмэгдүүлэх, БНХАУ-ын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах зэргээр логистикийн чиглэлд хамтрахаар санал нэгдлээ.

Харин буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын төслүүдийг урагшлуулах ажлын хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр тохиролцсон байна.

Хэрэв олон жилээр саатаад буй Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг ашиглалтад орвод баруун аймгуудыг дотоодын эрчим хүчээр бүрэн хангах боломжтой болох юм.

Ж.Зоригт | @TeraReader

Bloomberg Tv

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ