Засгийн газрын ээлжит хуралдаанаар Covid-19 халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Эх сурвалжийн мэдээллээр Covid-19 халдварын тархалтыг хумих чиглэлд ямар арга хэмжээ авах вэ гэдэгт Засгийн газарт хэд хэдэн хувилбар яригдаж байна.
Тухайлбал, энэ сарын 10-ны өдрөөс эхлэн хатуу хөл хориог тогтоох эсэх асуудал яригдаж байгаа аж. Гэхдээ одоогоор саналыг эцэслээгүй. Холбогдох албаныхны байр суурийг сонсож байгаа аж.
Манай улсад сүүлийн хоёр өдөрт коронавирусын 1400 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барсан. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 11651, нас барсан хүний тоо 13 болов.
Энэ хэвээр явбал 14 хоноход өдөрт илрэх халдварын тоо мянга давах бодит аюул тулгарч байгааг ХӨСҮТ-өөс сануулсан. ЭМЯ болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс тодорхой хугацаанд хөл хорио тогтоох шаардлагатай гэсэн саналыг тавьсаар буй юм.