Цар тахлын халдварыг хумих зорилгоор өнгөрсөн оны эцсээр БНХАУ-аас Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замаар нэвтрэх ачааг эрс багасгасан нь уул уурхайн экспортын бүтээгдэхүүний тээврийн хэмжээ буурах эрсдэлийг бий болгосон.
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь ГХЯ, ЗТХЯ болон бусад төрийн байгууллагын дэмжлэгтэйгээр Хятадын төмөр замтай зөвшилцөж, хамтран ажилласны үр дүнд Замын-Үүд–Эрээн боомтын төмөр замаар солилцох галт тэрэгний тоо аажмаар нэмэгдэж, өнөөдөр хэвийн хэмжээнд хүрээд байна.
УБТЗ нь Хятадын төмөр замтай хэлэлцэн тохирсон ёсоор өргөн царигаар хоногт 14 галт тэргийг Хятадын талд хүлээлгэн өгөхөөр тохирсон. Өнгөрсөн сарын 24-нөөс хоногт 14 галт тэргийг Эрээн өртөө хүлээн авч эхэлжээ.
Галт тэрэг солилцоо нь гадаад худалдааны хэмжээг тодорхойлдог төмөр замын нарийн технологитой ажиллагаа бөгөөд нэг галт тэрэг нь дунджаар 50 вагоноос бүрдсэн хөдлөх бүрэлдэхүүн бүхий урт цуваа аж.
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь энэ сарын 1-18-ны хооронд Замын-Үүд–Эрээн боомтын төмөр замаар 47 галт тэрэг буюу 2460 вагон бүхий 2466 экспортын чингэлгийг Эрээн өртөөнд хүлээлгэн өгчээ.
Мөн Замын-Үүд–Эрээн боомтын нарийн царигийн төмөр замаар импортын чингэлэгтэй 34 галт тэрэг буюу 1907 вагон бүхий чингэлэг Замын-Үүд өртөөгөөр хүлээн авсан байна.
Улаанбаатараас 2751 хоосон чингэлэг ачиж, 2664 ачаатай чингэлэг буулгажээ.
Эх сурвалж: www.polit.mn