Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа БНХАУ руу хийх зорчигч тээвэр нээгдсэнтэй холбогдуулан мэдээлэл өглөө.
Тэрээр “БНХАУ-ын цар тахалд баримтлах бодлого сулраагүй, аажим аажмаар багасгаж байна. Цагаан сар болох гэж байгаа учраас БНХАУ-ын талаас зарим арга хэмжээг авч байна. Гэхдээ эхний үе шатанд орж гарах хөдөлгөөнийг бага байлгах зорилгоор 300 хүнийг бүртгэсэн. АТҮТ дээр бүртгэл хийлгээд эхний өдөр 300 хүн гарна гэж бүртгүүлсэн боловч 290 хүн гарсан. Нөгөө талаас албаны шугамаар нээлтэд оролцох хүмүүс орж ирээд буцаад гарсан юм билээ. Одоогоор манайх руу орж ирье гээд бүртгүүлсэн зүйл бага байна.
Манай талаас ПГУ шинжилгээ хийхэд хүндрэлтэй байгаа юм. Тухайлбал, Эрээн хотоос Монгол руу орж ирэх хүмүүс нь дандаа монголчууд. БНХАУ-ын талаас орж ирье гэж бүртгүүлсэн хүн байхгүй. БНХАУ-д цар тахлын дэглэм багасч байгаа учир ПГУ шинжилгээ авах газар байхгүй байгаа юм байна. Эрээнд ганцхан шинжилгээний төвтэй, цөөхөн цагаар ажиллаж байна. Тэгэхээр иргэд нэг гарчхаад буцаж орж ирэхэд хүндрэлтэй нөхцөл үүснэ.
Эдийн засгийн нөхцөл байдал, худалдаа, инфляцаа бодвол хил дээр шинжилгээ авлаа гэхэд хүлээгдэж, тэнд тусгаарлах байр барих, шинжилгээ авсан хүмүүсийн шинжилгээний хариуг гартал байршуулна гэхээр 300-500 мянган хүн байршуулах түр байр барихаас өөр аргагүй нөхцөл үүсэж байна. Энэ бүх зардлыг орж гарч буй хүмүүсээс гаргахгүй бол амаргүй.
УОК-оос өгсөн мэдээллээр БНХАУ-д байгаа халдвар арванхоёрдугаар сард нэмэгдсэн. Одоо буцаад багассан. БНХАУ-д Омикроны дараагийн хувилбар дэгдэж байгаа юм байна. Үүнийг монголчууд бид дайраад өнгөрсөн шүү дээ. БНХАУ-ын талаас ПГУ шинжилгээ өгөх ёстой гэж байгаа ч харьцангуй зөөлнөөр, асуумж бөглөөд халуун хэмжээд явж байна. Дараагийн боомтууд үе шаттайгаар нээгдэнэ. БНХАУ-ын талаас мөн шаардлагуудаа бууруулах байх” гэлээ.