ХӨСҮТ-ийн ажилтан өөрийн ойр дотны хүмүүс танилуудынхаа шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг талаар нэгэн иргэн өөрийн фэйсбүүк хуудсандаа бичсэн байдаг. Тэгвэл энэ асуудлын талаар шадар сайд ЭМЯ-ны төлөөллүүдийг хүлээн авч уулзахдаа хэллээ. "Уг мэдээлэл үнэн. Хариуцлага тооцно" гэж мэдэгдлээ.
Тус ХӨСҮТ-ийн ажилтан эмэгтэй нь танилуудынхаа шинжилгээний хариуг хуурамчаар үйлдээд зогсохгүй, нөхрийнхөө өмнөөс шинжилгээ өгдөг байсан байна. Тус эмэгтэйн сүүлийн хариу эерэг гарснаар энэ үйлдэл нь илэрсэн гэдгийг албаны хүмүүс хэллээ.
Шадар сайд С.Амарсайхан "ХӨСҮТ дээр ноцтой асуудал байна. Бүр ноцтой асуудал. Хүний өмнөөс шинжилгээ өгдөг, шинжилгэээ авахдаа иргэдээс мөнгө авдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг ноцтой асуудлууд ХӨСҮТ дээр удаа дараа гараад байгаа учраас тандалт судалгааны ажлыг үр дүнгүй болгоод байна. Нөхрийнхөө өмнөөс шинжилгээ өгөөд яваад байсан байгаа юм. Нөгөө нөхөр нь хөдөө орон нутагт ажилласан. Гэвч эхнэрийнх нь шинжилгээний хариу эерэг гарчихсан.
Бид ойрын хавьтлаа хөөж байна гээд байдаг гэтэл жинхэнэ ойрын хавьтал нь сөрөг гарч, нөгөө батлагдаагүй тохиолдол эерэг гарсан байх жишээтэй. Ийм ноцтой байна. Бидний тандалт судалгааны ажил үр дүнгүй болоод байна. Хариуцлагагүй байдал гаргаж байгаа учраас тархалт буурахгүй байна" гэлээ.