Хятадын талаас ачаа тээврийн автомашины тоонд хязгаарлалт тавьсан учраас Авто тээврийн үндэсний төвөөс олон эерэг зохицуулалт хийж, нөхцөл байдлыг чангатгаж байгаа талаар хэвлэлээр мэдээлж байв. Гэтэл Цагаан хадны боомт руу хулгайгаар нэвтэрдэг авлигын шинжтэй сүлжээ нэгэнт үүссэнийг баттай эх сурвалж мэдээллээ. Одоогийн байдлаар нүүрс тээврийн автомашины үнэ өсөж, хятадын тээврийн команид харъяалагдаж байгаа жолооч нэг удаагийн тээвэрлэлтийн хөлс 10-13 сая төгрөг авч байна. Харин Монгол компанид харьяалагдаж байгаа жолоочийн нэг удаагийн тээвэрлэлтийн хөлс ердөө дөрвөн сая төгрөгийн ханштай байгаа нь ихээхэн зөрүүтэй харагдана.
Монгол Улсын эдийн засгийг тэтгэж байгаа гол хүчин зүйл болох нүүрсний үнэ болон тээврийн хөлс өсч, автомашины тоонд хязгаар тавьсан ч хулгайн сүлжээ их болсныг жолооч нар бидэнд мэдээлсэн. Тус сүлжээний замаар нэг удаа тээвэрлэлт хийхэд 30-35 мянган юань төлдөг аж. Үүнийг нь зохицуулж байдаг “ченж”-үүд байгаа гэдгийг ч нуусангүй. Хилийн дээсээр дархан эрхтэй өндөр үнэтэй машин нэвтрүүлж байгаа хөтөч, “ченж”-үүд хаанаас ямар эрх авсан хүмүүс вэ. Тэр газарт Автотээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар, Татвар гээд бүхий л төрийн байгууллагууд хяналт тавин ажиллаж байгаа. Гэтэл төрийн тамга тэмдэг бүхий байгууллагуудын хаагуур нь ийм сүлжээ бий болов гэдэг нь ихээхэн сонирхолтой.
Нэрээ нууцалсан жолоочийн хэлж байгаагаар бол машин хил гаргаж байгаа зуулчлагч нь Автотээврийн үндэсний төвийн нэрийг барьсан удаатай гэдэг. Үүнийг шалгах ёстой Тээврийн цагдаагийн албааас эхлээд олон эрх бүхий байгууллага тус боомтод ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг мэргэжлийн байгууллагын хувьд шалгах шаардлага байгааг дурдаж байв.
“Мянган бээрийн цацраг” компанийн жолооч нар бидэнд нэгэн бичлэг явуулсан юм. Түүнийг сонсоход “Манайхаан таван машин зохицуулан гаргаж өг. Та нарыг хөтөч тосоод авна. Би хотод байна. Компанийн нэр дээр байхад болно, ямар ч асуудалгүй” хэмээн ам бардам хэлж байна. Үүний цаана хэн байна вэ. Захын нэг эмэгтэй Улаанбаатар хотоос утас цохиж, хилээр таван машин гаргана, бэлд, цаанаас хөтөч тосч авна гэж байгаагийн цаана юу байна. Хаанаас өгсөн дархан эрх вэ. Магадгүй үүний цаана тээвэр зохицуулж байгаа газраас гарч байгаа томоохон авлигын сүлжээ ч байхыг үгүйсгэх арга алга.
Үүнээс гадна хулгайн сүлжээ дагасан нэг том аюул нүүрлэж байгаа нь цар тахлын халдвар дэгдэх магадлал ихэсч байгаа аж. Тухайлбал, өнгөрөгч мягмар гаригт хулгайн тээвэр хийсэн нэг жолоочоос коронавирусын халдвар илэрчээ. Уг нь Монгол Улсын эдийн засгийг тэтгэж байгаа гол судас болсон боомтоо “Ногоон бүс” хэмээн зарлан ажиллаж байгаа. Гэтэл хулгайн сүлжээ дагасан халдвар энэ мэтээр орж ирээд байвал юу болох вэ гэдэг асуудал ч тулгарчээ. Өнөөдрийн байдлаар цар тахлын халдварын улмаас өдөрт 180-200 машин гаргаж байгаа бол ирэх долоо хоногоос 300 болгох төлөвлөгөөтэй байгаа аж.
Мөн нэг асуудал байгаа нь эрх нь зөрчигдсөн жолооч нар тээврийн хөлс, цалин хангамжаа бодон хятадын компанид ажиллах гэхээр Автотээврийн үндэсний төвөөс хасалт хийж өгдөггүй, компани хооронд шилжүүлэхгүй гэдэг байна. Тиймээс жолооч нар тэнд байгаа хууль бус зүйл, авлигын сүлжээг Автотээврийн үндэсний төвтэй холбон ойлгож байгаа нь илт байна лээ.
Өнөөдрийн байдлаар тус боомтод ачаа тээврийн 200 орчим компанийн 19 мянган ачааны автомашин тээвэрлэлт гүйцэтгэдэг. Үүнийг Монгол Улсын Автотээврийн үндэсний төв хоёр улсын гэрээ хэлэлцээрт заасан дагуу хууль дүрмийн дор зохицуулан явуулдаг бөгөөд БНХАУ-ын Засгийн газар улиралд Ганцмодны боомтоор 6000 автомашин нэвтрүүлэх шаардлага тавьсан байна.
Үүнээс үүдсэн авлигын сүлжээ бий болж байгааг ч мэдээллийн хэрэгслээр дурдаж байсан. Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагааг хардаж сэрдэх эрх нь хэнд ч бий. Жолооч нарын ярьж байгаагаар бол “Цалин ахиу гээд хятадын компанид ажиллах гэхээр Автотээврийн үндэсний төвөөс компани хооронд шилжүүлэхгүй гэх хаалт тавиад компаниуд хөдөлж өгдөггүй. Эсвэл баахан цензур тавиад байдаг” хэмээсэн юм. Тэд яахаараа эрхийн дагуу ажиллаж байгаа компаниа солих гэхээр шантааж үзүүлдэг билээ гэх хардлага хаа ч байж болно. Одоогийн байдлаар тус төвөөс хувиараа ачаа тээврийн автомашинтай иргэнд “С” зөвшөөрөл олгох боломжгүй юм байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН