Замын-Үүдийн хилийн боомтоор нэвтэрч буй ачаа барааны тээвэр, логистикийн үнэ төлбөр, үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох талаар ЗТХЯ-наас мэдээлж байна. Нөгөөтэйгүүр хувийн хэвшлийн ААН, компаниуд нэгдэн “Ардын ачаа” гэсэн нэгдэл байгуулан бүртгэлийн систем болон мэдээллийн “И-ачаа” платформ ажиллуулж эхэлжээ. Хөрш БНХАУ-д мөн ийм байдлаар ажиллаж тээвэр зууч, ложистик, карго үйлчилгээний мэдээллийн бааз, нээлттэй талбарыг бий болгон үүсгээд байна. Тэдний талаас манай улсын байгууллагуудтай хамтарч ажиллах санал тавьсныг ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Замын-Үүдийн хилийн боомтын Ажлын хэсгийн ээлжит хуралдааны үеэр мэдээллээ.
Тэрээр, цар тахлаас үүдэлтэй хил, гааль, боомт дээр үүсээд буй нөхцөл байдал биднийг, аль аль талдаа хамтарч ажиллах шаардлагыг бий болгож байна. Тиймээс бид өөрийн орны тээвэр, логистикийн байгууллагын төлөөлөгч нартай уулзаж, тээвэр зуучийн мэдээллийн нэгдсэн бааз байгуулах талаар судалж байна хэмээн тодотгов.
Манай улсад тээвэр зуучийн 400 орчим байгууллага бүртгэлтэй байгаагаас 20 гаруй нь тогтмол, идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээртэй нээлттэй талбар байгуулах талаар уулзаж ярилцаж буйг дуулгалаа.
Сүүлийн сарын мэдээллээр манай улс Замын-Үүд боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны хилийн Эрээн боомтоос 1410 чингэлэг ачаа татан аваад байна.
Нэг чингэлгийн тээвэрлэлтийн үнэ өнөөдөр Эрээн боомтоос Замын-Үүд хүртэл гарахад 50 мянган юань буюу монгол төгрөгөөр 22 сая төгрөг байна. Сүүлийн сард Монголын тээвэр зуучийн байгууллагууд зохион байгуулалтад орж, ажиллаж эхэлснээр хилийн ачаа тээвэрт өрсөлдөөн бий болж дээрх үнэ бага зэрэг буурч буйг тээвэр зуучийн төлөөлөгч нар хэлж байна. Тодруулбал, Тээвэр зуучийн нэгдсэн холбоо, Үндэсний тээврийн корпораци хамтарч Замын-Үүдийн хилийн тэг цэгээс Улаанбаатар хот хүртэлх тээврийг зохион байгуулж ажиллаж байна. Ингэснээр үнийн өрсөлдөөн бий болж, ачаа тээврийн үнэ тариф буурч буй аж.