Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОЮУТОЛГОЙ ТӨСӨЛ МОНГОЛ УЛСАД ҮР ӨГӨӨЖТЭЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ГЭСЭН МИНИЙ БАЙР СУУРЬ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтой 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цахим уулзалт хийлээ.
Цахим уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийг ахалж байх хугацаандаа баримталж байсан бодлого, байр суурь огт өөрчлөгдөөгүй болохыг илэрхийлэв.
Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмд явуулж байсан албан бичигт дурдсан асуудлуудыг Рио Тинто компани цаг алдалгүй анхаарч, “Оюутолгой” төслийг Монгол Улсад үр ашигтай болгоход яриа хэлэлцээг чиглүүлэх шаардлагатайг онцоллоо.



Түүнчлэн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Ажлын хэсгийг ахалж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд нар яриа хэлэлцээг үргэлжлүүлж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлж, амжилт хүслээ.
Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм дөнгөж томилогдоод удаагүй байхдаа буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй анхны цахим уулзалт хийж байсан билээ. Өнөөдрийн уулзалтын үеэр тэрбээр "Оюутолгой" төслийн хамтын ажиллагааны шинэ хуудас эхэлж байгааг онцлон тэмдэглэсэн бөгөөд энэхүү төслийг Монгол Улсад илүү үр ашигтай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа мөн илэрхийллээ.
Өнөөдрийн цахим уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, дэд дарга Б.Солонгоо, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Э.Болормаа нар оролцсон бол Рио Тинто компанийг төлөөлж гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, Бизнес хөгжил эрхэлсэн захирал С.Мөнхсүх, Рио Тинто Монголиа ХХК-ийн дэд захирал Х.Амаржаргал нар оролцов.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ