
Наймдугаар сарын 19-ний байдлаар дэлхий даяар 40 футын чингэлэг тээвэрлэх дундаж зардал 9600 ам.доллар байсан билээ. Ази тивээс АНУ, Европ руу чингэлэг тээвэрлэх үнэ хурдацтай өсөж байгаа бөгөөд үнийн өсөлт оны эцэс хүртэл үргэлжлэх төлөвтэй байна гэж “The Wall Street Journal” сонинд бичжээ.
Хятадын Тяньжин хотод байрладаг томоохон худалдааны төвийн менежер Чен “Глобат Таймст” өгсөн ярилцлагадаа “Манай компани есдүгээр сард АНУ, Мексикээс хөвөн тээвэрлэхээр төлөвлөж байсан ч ачаа тээвэрлэлт удаашралтай байсны улмаас төлөвлөгөөгөө хойшлуулсан. Бид үйлчлүүлэгчидтэйгээ хийсэн гэрээгээ зөрчсөн тул маш их хэмжээний нөхөн төлбөр төлөх шаардлагатай болсон” гэжээ. АНУ -ын гурван томоохон боомтод ачааны хөлөг онгоц, контейнерийн бөөгнөрөл үүсээд байгаа юм байна. Шанхай дахь далайн тээврийн шинжээч Ву Минхуагийн хэлснээр, Хятад-АНУ-ын тээврийн ачаалал нэмэгдэж байгаа ч цар тахалтай холбоотой хяналт шалгалтын улмаас усан онгоцнуудын ачаагаа буулгах хугацаа уртсаж, АНУ-ын боомт дээр нэг хөлөг онгоц ачаа хэдэн долоо хоног болж байна” гэжээ.
Тээвэрлэлтийн хүчин чадлын хомсдол ихэссэн нь хэрэглээнээс хамааралтай АНУ-ын эдийн засагт хүндээр тусаж, зарим нийлүүлэлтийн хомсдолд хүргэж, АНУ-ын инфляцыг улам нэмэгдүүлнэ гэж салбарын ажиглагчид хэлэв. Ерөнхийдөө олон улсын ачаа тээврийн салбар 2008 оноос хойших хамгийн өндөр орлоготой жилийг үдэх төлөвтэй байна. 2008 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын улмаас мөн ачаа тээвэр ийнхүү огцом өсөж байсан юм. Чингэлгийн болон ачаа тээврийн хөлөг онгоцнууд дэлхийн нийт худалдааны 80 орчим хувьд ямар нэг байдлаар оролцоотой байдаг. Далайн тээврийн салбарын мэргэжилтнүүд үзэж буйгаар, чингэлэг тээвэрлэлтийн үнийн өсөлт нь КОВИД-19 цар тахлын үед дууссан нөөцөө нөхөх гэсэн барууны жижиглэнгийн худалдаачид, боомтууд болон дотоодын түгээлтийн сүлжээнд саатал үүссэний улмаас ханган нийлүүлэлтийн сүлжээ тасалдсантай холбоотой ажээ. Чингэлэг тээвэрлэлтийн зах зээлийн хурцадмал байдал 2022 оны эхэн хүртэл үргэлжилж болзошүй гэж шинжээчид таамаглаж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН