Шүүхийн тогтоолгүй ШОРОН


"Шүүхийн тогтоолгүй шорон” гэхээр танд юу бодогдож байна вэ. Ер нь ямар нэгэн гэмт хэрэг, хуулийн зөрчил гаргасан хүнийг шоронд хорьж, торгож шийтгэдэг гэдгийг бид мэднэ. Тэгвэл хэнд ч гэм хохирол учруулаагүй, ар гэрээ тэжээж, амьжиргаагаа залгуулах ажил хийх гэж зорьсныхоо төлөө шорон шиг газар хоригдох болсон хэсэг иргэдийн талаар энд дурдах гэж байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүс дэх тусгаарлалтын байранд “хоригдож”, хохирч байгаа жолоочдын асуудлыг хөндөх сэдэв буландаа онцоллоо.
“Манай жолооч нар наад тусгаарлалтын байрыг чинь Шүүхийн тогтоолгүй шорон гэж нэрлээд байгаа. Жолооч биднийг цоожтой хаалганы цаана хорьж байна. Мэдээж тусгаарлаж, хөл хориог тогтоож байгаа юм чинь цоожлох нь зөв байх. Гэхдээ тусгаарлалтын байран дотор  хүний эрүүл мэндийн байдал огцом муудаад анхан шатны тусламж авья гэхээр хаалгыг нь цоожтой байлгаж болох уу” хэмээн бухимдан ярих тээврийн жолооч бидэнд хандсан юм. Үүсээд буй нөхцөл байдлын талаар жолооч н.Бат-Эрдэнэ “Энэ сарын 4-ний өдөр тусгаарлалтын байранд хүн амины онц ноцтой хэрэг гарсан. Хэвлэлээр ч мэдээлсэн. Нэг өрөөнд тусгаарлагдаж байсан залуус хоорондоо муудалцаж, нэгийнхээ аминд хүрсэн. Талийгаач амиа алдахынхаа өмнө хаалгаа балбаж, амь аврахыг хүсэж зөндөө хашгирсан тухай хажуу өрөөнд нь тусгаарлагдаж байсан жолооч нар ярьж байна лээ. Хэрвээ тухайн үед хаалга нь цоожгүй байсан бол арай ч ийм харамсалтай зүйл гарахгүй байсан ч юм билүү.
Дахин нэг харамсалтай мэдээ. Нэгийнхээ аминд хүрсэн энэ хэргийн дараахан тусгаарлалтын байранд мөн л гунигтай үйл явдал боллоо. Цус харвалтаар нэг жолооч дэндүү харамсалтайгаар хорвоог орхисон. Болсон үйл явдлын талаар тэр хавийн жолооч нарын ярианаас сонсоход, "Талийгаач даралтны эм тогтмол уудаг. Нас барсан тухайн өдөр нь эм нь дуусчихсан. Цоожтой хаалганы цаана эмийн сан ч орж чадалгүй харамсалтайгаар хорвоог орхисон. Хэрвээ талийгаач эмнэлгийн яаралтай тусламж авч чадсан бол өнөөдөр амьд байх ч байсан юм билүү” хэмээн халаглан ярьж байна.
Хэрвээ, хэрвээ гэж хэдий болтол харуусах билээ. Тусгаарлалтын байранд амиа алдсан жолооч нарын дээрх хэргүүдэд хэн хариуцлага хүлээх ёстой вэ. Болж өнгөрсөн харамсалтай хэргүүдийг өчигдөртөө үлдээгээд өнөөдөр юу ч болоогүй юм шиг сууж яавч болохгүй. Үнэхээр бид энэ болохгүй бүтэхгүй байгаа асуудлыг цаг алдахгүй хариуцах эзэнтэй болгохгүй бол дахиад хэчнээн хүний амь амьдралыг сүйрүүлэхийг хэлж мэдэхгүй нь. Цар тахал, халдварын нөхцөлөөс болж хүнийг тусгаарлан хамгаалж болно. Харин тусгаарлах нэрээр эрх чөлөөнд нь халдаж, хаа нэгэн газар хаалгыг нь цоожлоод орхиж болохгүй. Тусгаарлалтын байрны хараа хяналт өндөр хэмжээнд байх учиртай. Хүний амьдрал баялаг. Тэр тусгаарлалтад байгаа жолооч нарын хэнд нь ч юу ч тохиолдож болно. Тэр цагт тусгаарлалтын байрны “эзэд” тэдний эрх ашгийг хамгаалж, бүрэн тусламж үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь жолооч нар ажилдаа орохын тулд мөнгөө төлөөд тусгаарлалтын байранд сууж байгаа гэдгийг сана.
 
14 хоногийн тусгаарлалтын төлбөрт нэг сая 820 мянган төгрөг төлдөг
 
“Тээвэрт явах эрхээ авахын тулд тусгаарлалтад 14 хоног байх ёстой” гэсэн шаардлагыг жолооч нар биелүүлэх үүрэг хүлээсэн. “Ажилдаа л орж байвал хамаа алга” гэсэн жолооч нар тусгаарлалтын байранд 14 хонохын тулд нэг сая 820 мянган төгрөг төлдөг гэнэ. Энэ талаар Цагаанхад суурьшлын бүсэд тусгаарлалтад байгаа жолоочийн өгсөн мэдээллийг одоо хүргэе. Түүний хэлснээр нэг өрөөнд дөрвөн хүн тусгаарлагддаг гэнэ. Хоногт нэг жолоочоос 130 мянган төгрөг авдаг бөгөөд нийтдээ дөрвөн жолоочоос 520 мянган төгрөг цуглуулж байгаа юм. Ганцхан хоногт бага мөнгө биш. Тиймдээ ч тусгаарлах байр ажиллуулагсдын хувьд энэ нь хамгийн ашигтай бизнес болсон байхыг ч үгүйсгэхгүй. Учир нь тэндэхийн жолооч нар “14 хоног тусгаарлана гэчихээд одоогийн байдлаар 45 хоног тусгаарлагдсан хүн хүртэл байна. Бид тусгаарлалтын байрыг бизнес гэж харах болсон. Жолооч нар сүүлдээ гайхаж байна. Үнэн ч юмуу, худлаа ч юмуу. Жолооч нараас шинжилгээ авах үед нэг жолоочоос нь  сул эерэг хариу илэрсэн гээд гарчихдаг. Тэгэхээр бүгдийнх нь тусгаарлалтын хугацааг дахиад 7-14 хоногоор сунгачихдаг. Тэр сул эерэг гэж гарсан хариугаа хот руу явуулж, шинжлүүлдэг юм байна. Хариу нь ирэх гэсээр байтал хоног хугацаа маш их ордог. Хотод очихоор нөгөө хүнийх нь хариу эрүүл гарчихсан ч удаа бий. Эцэст нь нөгөө жолооч нь гомдолтой хоцордог.  Иймэрхүү асуудлаас болж, жолооч нарын дунд бөөн бухимдал үүсэж, ажил төрлөө алдаж байна. Нэгнийгээ хүртэл хөнөөж байна” гэлээ.
Дээрх ярианаас дүгнэхэд тусгаарлагдах байр гэдэг хүнийг залхаан цээрлүүлдэг, эдийн засгийн хувьд мөлждөг л газар болчихжээ. Уг нь гол зорилго нь ковидын халдвараас хамгаалж, ногоон бүсэд ажиллах тээврийн жолоочдод дэмжлэг үзүүлэх байсан. Гэвч бодит байдал дээрээ эсрэгээрээ байна. Хүний ажил амьдралын эмзэг асуудал дээр тоглолт хийж, өчнөөн олон мянган жолоочийн тэсвэр тэвчээрийг бардаг л газар болж. Ямар сайндаа л жолооч нар тусгаарлалтын байраа “Шүүхийн тогтоолгүй шорон” гэж нэрлэх вэ дээ. Нөхцөл байдал ийм дээрээ тулчихаад байгааг холбогдох төрийн байгууллага, түүний алба хаагч нар анхааралдаа авах цаг нь болжээ. Уг нь тэр бүс нутагт урьд  нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан  Н.Амарзаяа  Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон байна. Харамсалтай нь түүнийг томилогдлоо гээд нөхцөл байдал сайжирсангүй. Харин ч дордсон тухай жолооч нар толгой сэгсэрч байлаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ