Манай талаас шалтгаалсан асуудлаа зөв шийдчихвэл Хятадын хил, зах зээл нээлттэй л байгаа шүү дээ


“Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаа нэмэлт мэдээлэлтэй дор буулгав-
 
Д.Баярхүү
 
-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай аравдугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийсэн. Цахим уулзалтын ач холбогдлыг та юу гэж харж байгаа вэ?
 
-Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын амаргүй цаг үед хоёр улс мөнхийн хөршийн сэтгэлээр харилцан бие биеэ дэмжин, олон улсад жишиг болохуйцаар хамтран ажиллаж байгааг манай Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн нь энэ уулзалтын ач холбогдлыг хэлээд өгчихсөн юм биш үү. Гол нь ажил хэрэгч, прагматик, үр дүнд суурилсан, харилцан ашигтай байх гадаад бодлогын стратегиа нотлосон уулзалт боллоо. Манай хоёр улсын хооронд улс төрийн харилцааны маргаан зөрүү байхгүй. Иж бүрэн стратегийн түншлэлдээ хоёул үнэнч яваа. Дээд өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамж ковидоос болж удааширснаас бус тасраагүй. Гадаад хэргийн сайд нар сүүлийн нэг жилд харилцан айлчилсан. Одоо Монгол Улсын Ерөнхий сайд Хятадад айлчлах урилгатай. Гэлээ гээд манай улсад ковидын дэгдэлт өндөр байгаа, халдвар хамгааллын дэглэм гээд айлчлах боломж бүрдэхгүй, тиймээс айлчлалыг товчлоод хөнгөвчлөөд гол нь ярилцах, шийдэх асуудлаа цахимаар ярилцаад болчих шиг боллоо. Технологийн дэвшлийг ашиглан хоёр талын дээд хэмжээний уулзалт хийж болдог нь харагдлаа. Нэгэнтээ хоёр талаасаа хоёр биенээ дэлгэцээр хараад шууд ярьчихаж байна. Сайд нараа суулгаад цахимаар хэлэлцээ хийж болж байна. Цаг товчилсон, зардал чирэгдэлгүй, гэхдээ хоёр талдаа ашигтай цахим хэлэлцээ хэмээн үзэж байна. Миний хувьд олж харснаар хамтын ажиллагааны практик шинжтэй чухал асуудал хөндөх шиг боллоо. Жишээ нь олон жил хүлээгдээд байсан Гашуунсухайтын төмөр замын огтлолцлын цэгийг эцэслэн тохирлоо. Тяньжинд гацаад байсан 4500 гаруй чингэлгийг шуурхай татахаар боллоо. Нүүрсийг чингэлэгээр тээвэрлэх терминаль ашиглах ногоон гарцуудыг хамтран ажиллуулахаар боллоо гэхчлэн. 
 
-Ерөнхий сайд нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж Монгол, БНХАУ-ын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө санал нэгдсэн. Үнэхээр энэ зорилт биелэх боломжтой юу?
 
-Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагуудыг идэвхтэй ажиллуулах талаар Ерөнхий сайд нар санал нэгдлээ гэсэн. Энэ нь улс төрийн зориг хоёр талдаа байна, Засгийн газрын дэмжлэг байна гэсэн баталгаа гэдэг утгаар онц ач холбогдолтой мэдэгдэл юм. Харин тэр 10 тэрбумд хүргэх талаар манай тал л онц идэвхи чармайлт гаргах шаардлагатай. Хятадын гадаад худалдаанд Монгол бол маш бага хувь эзэлдэг, Хятад гэдэг чинь дэлхийн том худалдаачин тул тэднээс айхтар чармайлт шаардлага бид нэхээд байх хэрэггүй. Бид өөрсдөө л хичээх хэрэгтэй. Халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн–нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн байна билээ. Нүүрсээ шанагаар хутган машинд ачаад хар хурдаар нь давхиулж Хятадын хил хүргэдэг болхи практикаа өөрчлөх цаг аль хэдийнээ болсон. “Чингэлэг”, “терминаль”, “ногоон гарц” гээд байгаа чинь бага зэрэг дэвшил нэвтрүүлье л гэсэн үг шүү дээ. Цаашаа нэг ухасхийхэд түүхий биш, боловсруулсан нүүрс, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ экспортлох шаардлагатай. 
 
-Өнөөдөр коронавирусийн халдварын улмаас Замын-Үүд, Эрээний хил тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоочихлоо. Одоо яах вэ?
 
-Энэ бол олон хоногийн хүндрүүлсэн зориудын бодлого биш байх аа? Хоёр улсын харилцаа руу татан авчраад ГХЯ ба ЭСЯ, ДТГ-ыг яллаад байх хэрэггүй. Хятадыг хараагаад бүр ч утгагүй. Монголчууд өөрсдөө л хичээх асуудал шүү дээ. Халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиад монголчууд өөрсдийгөө эрүүл саруул байна гэж нотлоод хил нэвтрээд байхад асуудал үүсэхгүй шүү дээ. Зөвхөн манай талаас, монголчуудаас шалтгаалсан тэр асуудлаа монголчууд бид л зөв шийдчихвэл хятадын хил, хятадын зах зээл нээлттэй л байгаа шүү дээ.
 
сонин mn
 
 
-Эрээн, Замын-Үүдийн боомтыг хаасны улмаас хилийн цаана их хэмжээний ачаа гацах, саатах нь тодорхой боллоо шүү дээ. Тэгэхээр энэ нь Монголын эдийн засагт ямар нөлөөтэй вэ?
 
-Ийнхүү гацсанаас Хятад хохирно гэж байхгүй, хохирол Монголд л хүнд тусна. Тэр дундаа нүүрсний зөөврөөр аж төрдөг, амь амьдралаа залгуулдаг монголчуудад гол буруу байгаа болоод гацаад байгаа юм. Хятадын зориудын бодлого биш.Замын-Үүд болон Гашуунсухайт дээр гацаад байгаа гол шалтгаан нь монголчуудын сахилга батгүй, карантины дэглэм мөрдөж чаддаггүй, дур зоргоороо байдал нь хамгийн саад болж байна. Жишээ нь Гашуунсухайтын карантинд байгаа жолооч нар хорио цээрийн дэглэмээ тоодоггүй, шоуддаг, архидан согтуурдаг, жишээ нь өдөрт 300 шил архи зарагддаг, тэгээд тэгснийхээ бурууг писиар шинжилгээ буруу гарч байна гэж хэл ам хийдэг бололтой дуулддаг. Архидан согтуурдаг дампуурдаг тухай мэдээллийг цагдаагийн байгууллага хэлээд өгнө дөө. Ингэж дураараа авирлачихаад гол буруугаа айлын талд тохчихдог. Айлыг буулт хийлгэж аль хэмээн төр-засаг, ГХЯ руу агсардаг нь байнга л харагддаг шүү дээ. Сав л хийвэл төв талбайдаа баахан лоозон плакат бариад жагсчихдаг. Замаа булаалгалаа гээд саяхан жагсаж харагдана лээ. Замаа булаалгах далим шалтгийг монголчууд өөрсдөө л гаргаад өгчихдөг. Бүгд биш ч, хэн нэгэн нь архидсан, дампуурсан, ажил тасалсан, эсвэл хулхидсан, залхаасан болоод л нийтэд нь хариуцлага тооцоод хамт олонд нь хариуг нь өгчихдөг. Тэгэхлээр нь хоёр улсын харилцаа руу татаад аваад ирдэг, хятадын эсрэг хийрхэл дэвэргэдэг. Ийм циклээр хоёр улсын хамтын ажиллагаа явахгүй дээ. Бид орчин үеийн олон улсын харилцааны соёлтой арга барилд бага ч атугай суралцмаарсан. 
 
-Хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсоны дагуу цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх талаар ч мөн ярилцсан. Энэ талаар ярихгүй юу?
 
-Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод энд яригдах байх. Цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо цэвэршүүлэх зорилгоор Хятадад хэрэгжүүлсэн олон зөв туршлага байдаг. Жил бүр хүн бүр төдөн мод тарих гэх мэт. Ийм бодлого Хятадын реформтой зэрэг эхлээд 40 гаруй жилийг үдээд байна. Тийм учраас тэдний хур туршлагаас суралцах хэрэгтэй. Тэгээд ч хоёр Ерөнхий сайд санал нэгдлээ гэсэн маань төр-засгийн зүгээс дэмжигдлээ, энэ талаар хоёр улс хамтран ажиллахад бэлэн байнаа гэдэг баталгаа болно. Тэр тохиролцоог практик дээр хэрэгжүүлэх нь хоёр улсын доод шатны байгууллагууд, орон нутгийн захиргааны эрхлэх ажил болов уу. Манайхан мод тарих хөдөлгөөн өрнүүлж байгаа нь сайн. Харин тарьсан модоо арчилж тордох, улам олшруулах тал дээр хэнэггүй монгол араншингаа татасхийгээд ажиллахад ч болохгүй гэх газаргүй дээ. 
 
-БНХАУ-тай хөгжүүлэх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх Ажлын хэсгийг өнөөдөр байгууллаа. Одоо ажлын хэсэг яаж ажиллах шаардлагатай вэ?
 
-Ажлын хэсгийн хариуцах хэрэгжүүлэх ажлыг Ерөнхий сайд нар заагаад өгчихлөө л гэж би ойлгосон. Үүнд авто зам, төмөр замаар харилцан холбогдох, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хоёр улсын хил  огтлолын цэгийг эцэслэн тохирох, холбогдох боомтуудад ногоон гарц нээх, Хятадын зүгээс манай улсын өмнөд бүсэд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, экспортлох боломж бүрдүүлэхэд хамтран ажиллах, Улаанбаатар хотыг ухаалаг хот болгох, автозамын түгжрэл бууруулахад чиглэсэн төслүүдэд хятадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцуулах, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг урагшлуулахад анхаарах, хоёр улсын бүс нутаг, олон талт механизмуудын хүрээн дэх ойр дотно хамтын ажиллагааг үргэлжлүүлэх гээд хийх ажлыг нь ярайтал заачихсан байна.
 
-Коронавируст цар тахал гарснаас хойш БНХАУ болон манай улсын хоорон дахь хамтын ажиллагаа, харилцааны талаар та гэж юу гэж харж байна вэ?
 
-Монгол, Хятад хоёр улс “Ковид-19 цар” тахлын амаргүй нөхцөл байдалд цар тахлын тархалтай ч тэмцэж, бас хоёр улсын нэгэнт тогтож төлөвшсөн харилцаа-хамтын ажиллагааны эрчийг алдчихгүйн төлөө ажиллаж байна. Монгол-Хятадын харилцааны идэвхтэй хандлагыг хадгалж, өндөр дээд түвшний харилцан айлчлал, хамтын ажиллагааны голлох механизмуудын уулзалтыг зохион байгуулж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг богино хугацаанд сэргээх ёстой болов уу. “Нэг бүс нэг зам” санаачилгыг Монголын хөгжлийн стратегитай уялдуулах ажлыг хурдасгах, тэгснээрээ эдийн засгийн сэргэлтэд түлхэц үзүүлэх, цар тахлын сөрөг нөлөөллийг давах, учирсан цаг хугацааны хохирлоо нөхөх хэрэгтэй. Манай улсаас чухалчилдаг нүүрсний экспорт, түүний хилээр нэвтрэх хэмжээг нэмэгдүүлэхэд хоёр тал ач холбогдол өгч, олон хэлбэрийн арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай. Хятад нь Монголын хамгийн том худалдааны түнш хэвээр байна. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа цаашдаа тасралтгүй өсөөсэй л гэж хүсэх байна.
 
Жич: Хятадын Хөгжил шинэчлэлийн хорооны шинэ мэдээг нэмж оруулъя. Нүүрс экспортлогч манай улсад нэг хэрэгтэй мэдээлэл байна. Үүнд Хятадад 10 дугаар сарын 18-наас эрчим хүчний үнэ 20 хувиар нэмэгджээ. Эрчим хүчний хомсдолд энэ улс орлоо. 2021 оны 4 дүгээр улирлын төгсгөлд тус улс эрчим хүчний хомсдолоос гарах шахуу төлөвлөгөө баталжээ. Одоо ашиглаж буй уурхайнуудаас 150 уурхайн хүч чадлыг 220 сая тонноор нэмэгдүүлнэ. 2021-2022 онд нийлбэр хүчин чадал нь 250 сая тонн бүхий 100 орчим уурхайг ашиглаж эхлэнэ. Ойрын үед 38 шинэ уурхай ашиглалтад оруулна. 2022 онд 60 уурхай нэмж ашиглалтад оруулна гэжээ. 
 
Энэ юу хэлэв. Тавантолгойн нүүрсний экспорт нь Хятадын дотоодын өрсөлдөгчидтэй халз тулах юм байна, дээрээс нь Оросоос нүүрс авсаар байгаа. Тэгэхлээр Хятадын зах зээлд гарахад нэмэлт асуудал хүндрэл үүсч магадгүй гэсэн дохио сануулга болов уу. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ