Г.Батзориг: Хил хаагдвал бизнесүүд дампуурч, иргэд ядуурч, цаашлаад нийгэмд тогтворгүй байдал бий болох эрсдэлтэй

 

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.


-Цар тахал болон дайнтай холбоотойгоор эдийн засаг амаргүй байна. Ер нь хямралын үед төр засгаас ямар арга хэмжээ авах ёстой талаар хоёулаа тогтож ярья. Хэрэв манай улсын бүх хил гааль хаагдвал яах вэ?

-Хил бүрэн хаагдвал эдийн засаг огцом унана. Бидэнд тэсээд гарах санхүүгийн нөөц байхгүй. Бизнесүүд ашиггүй дампуурч, иргэд орлогогүй ядуурч, цаашлаад нийгэмд тогтворгүй байдал бий болно. Энэ бол факт. Түүхэнд нөхцөл байдал муудах бүрт энэ үйл явц ажиглагддаг. Гэхдээ таны асуудаг бол бүр хамгийн муу кэйс нь шүү дээ.

Нэг үеэ бодвол ковидыг ардаа үдлээ. Гэхдээ ковидоос үүдэлтэй хил гаалийн гацаа үргэлжилсэн хэвээр байна. Цар тахлын дараа хөгжиж буй орнуудад хүнд байхыг олон улсын байгууллагууд анхааруулж байв. Тодорхой дурдвал өрийн дарамт, үнийн өсөлт, хилийн гацааг дурдаж байсан. Эдгээр хямралын шинж тэмдгүүд ихэнх орнуудад ажиглагдсан. Тэр ч байтугай албан ёсоор дампуурлаа зарласан улс Шри-Ланк байв. Түүнчлэн Өмнөд Америк болон Африкийн хэд хэдэн улсыг дурдаж болохоор байна. Манайд дээрх гурван нөхцөл байдал үүссэн байгаа ч дампуурах хэмжээнд бол биш байна.

-Хямралын үед тог цахилгаангүй, бензин шатахуунгүй болбол яах бол?

-Шри-Ланкийг л харахад болно доо. Хотын гудамжаар машинаа түрээд, талбай дээрээ улстөрчдийн зураг шатааж жагсана. Өнгөтэй, өөдтэй хүмүүс нь гадагшаа дүрвээд явчихна. Харин чадалгүй нь эндээ үлдэнэ. Барааны үнэ өсч, төгрөг үнэгүйдэж, эдийн засаг гүн хямралд орно. Магадгүй хүмүүс хөдөө л гарах байх даа.

-Манайх шиг импортлогч орны хувьд хямралын үед хүнсний хомсдолд орвол яах ёстой вэ. Нөөц бүрдүүлэх боломж бололцоо байгаа юу?

-Хүнсний хувьд, манайх дотооддоо 90 гаруй хувь хүнсний ногоо, жимсний 50 орчим хувийг үйлдвэрлэдэг. Гурил ч ялгаагүй. Гагцхүү үрийн асуудал байна. Жишээ нь, гурилын үрийг бид Украинаас авдаг. Гэтэл Украин өнөөдөр ямар байдалтай байгаа билээ. Энэ жил гурилын үнэ нэлээд өсөх болов уу. Өрхүүдийн ихэнх нь жимсийг хэрэглээний сагсандаа багтаахгүй болсон. Учир нь маш үнэтэй байна. Жимс хэрэглэхгүй монголчууд яваад байж чадна. Тэгэхээр хил хаагдлаа гэхэд мах, гурил, ногоо нь байхад бид алзахгүй. Удаан хугацаанд харин тэсэж чадахгүй.

-Орос Украины дайнтай холбоотой эмийн хомсдол үүссэн. Цаашид ковидын халдвар идэвхжвэл эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудлаа яаж шийдвэл зохистой вэ. Хил гааль хаагдаад эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдвал юу болох бол?

-Эм, эмнэлгийн хэрэгсэл хомсдоход манайх шиг ийм институт сул, далд эдийн засагтай газар дамын наймаа бий болох, ашиг хонжоо хийх нь нэмэгддэг. Ковидын үеэр харсан биз дээ. Нэг хүнд ногдох эмчилгээний зардал долоо, найман сая төгрөгт хүрч байв. Гэтэл одоо хэд байгаа билээ дээ. Иймэрхүү зүйлс дахин л давтагдана. Ковид бол зөвхөн эмнэлгийн байгууллагаас бус хувь хүнээс хамаардаг гэдгийг хэн хүнгүй ойлгодог болсон. Тэгэхээр хил хаагдлаа ч тэр зүйлтэй яаж тулах сайн ч, муу ч туршлага бидэнд байна. Эртнээс нөөцлөх, тусгай нөхцөлтэйгөөр татаж авах төлөвлөгөө улсад бий гэж бодож байна. Оны эхэнд хил нээлээ гэж зарлахад онгоц дүүрэн өвчтөн гадагшаа нисэж байв. Хэрвээ эм тариа тасалдах нөхцөл байдал үүсвэл олон хүний амь настай холбоотой асуудал үүснэ.

-Магадгүй улс төр бужигнаад дотоодод үймээн самуун болбол яах вэ?

-Үймээн самуун бол хүсээд байх зүйл ерөөс биш. Түүхээ харахаар үймээн самуун дэгдэхэд энэхүү нөхцөл байдлыг гадна, дотны олон хүчин ашиглана. Дунд нь зэвсэг өгөх, турхирах, санхүүжүүлэх гэх мэтээр Ойрхи дорнод, Африкт ашигласан технологи давтагдахыг үгүйсгэхгүй. Улмаар өнөөгийн Сири, Ирак, Ливи гэх мэт улсуудын хувь заяа л биднийг угтана.

-Байгалийн гамшиг болж, хүчтэй газар хөдлөлтийн улмаас байшин барилга сүйдвэл эрсдэл багатай даван туулах ямар төлөвлөгөө байж болох вэ?

-Байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиоход бидэнд түүнийг давах хангалттай нөөц бололцоо, санхүүгийн чадавх байхгүй. Байгалийн гамшиг байтугай бидэнд бодитоор тулгарсан эрсдэлүүдээ хүртэл шийдэж чадахгүй байна. Жишээлбэл, энэ өвөл хот хөлдөх эрсдэлтэйг олон мэргэжлийнхэн анхааруулж байна. Гэвч бидэнд үүний эсрэг дорвитой хийсэн зүйл үгүй. Ер нь 2050 он гэхэд дэлхийд хүнсний хомсдол үүсэх магадлалтайг сануулж байна. Дэлхийн дулааралтай холбоотой газар тариалан, ургац муудаж энэ нь хүнсний нөөцөд нөлөөлнө гэжээ. Монгол ч гэлтгүй дэлхий нийтийн асуудал болж байна.

-Томоохон хөрөнгө оруулагчид манай улсыг орхиод гарвал биднийг ямар эдийн засаг хүлээж байна вэ?

-Хэрвээ томоохон хөрөнгө оруулагчид гарвал өнөөгийн Венесуэл шиг нөхцөл байдал үүснэ. Венесуэл бол газрын тосны экспорт хийдэг, улс төрийн тогтолцоо нь нэг хүнд төвлөрсөн, халамжийн бодлого ихтэй улс байв. Улмаар хээл хахууль, ядуурал, нийгмийн асуудлууд улам их нэмэгдэхэд үүний дайсныг гадаадын хөрөнгө оруулагчид гэж харуулснаар тэднийг хөөсөн. Хөөсний дараа юу болов. Инфляци нь 300 хувь давж өсөв. Үндэсний мөнгөн тэмдэгт нь цаас болж, иргэд нь дүрвэж, энэ улс дампуурсан. Тэгэхээр манайд ийм л нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй. Ер нь бид хардаг бол сургамж өгөх улсууд зөндөө байна. Тэдний алдаанаас суралцах хэрэгтэй.

-Ингэхэд хямралыг даван туулах ямар төлөвлөгөө байх ёстой вэ?

-Бид бараг аргаа барчихсан даа. Нэг зүйл л тодорхой боллоо. Сүүлийн хоёр жил уул уурхайн салбар хүчтэй сэргэсэнгүй. Уул уурхай л сэргэхгүй бол Монголын эдийн засаг сэргэхгүй. Тэр дундаа нүүрсний экспортын нөлөө өндөр байна. Тэгэхээр дотроо хичнээн төлөвлөгөө бэлдлээ гээд эдийн засгийг хүчтэй өсгөж бол чадахгүй. Эхний ээлжинд хил, гаалийн гацаагаа шийдэж, экспортоо сэргээх нь чухал байна. Хоёрдугаарт, төсвийн мөнгөө зорилтот бүлэгтээ олгож, төсвөө үр ашигтай зарцуулах хэрэгтэй байна. Гуравдугаарт, төсөв болон мөнгөний бодлогоо уялдуулж явуулахгүй бол иргэдийн амьжиргаа, худалдан авах чадвар огцом буурч байна. Авууштай зүйл нь Засгийн газар дунд, урт хугацааны бодлогоо сайн явуулж байна. Жишээлбэл, Оюу толгойн далд уурхайн төсөл болон төмөр зам, Эрдэнэбүрэнгийн УЦС бол манай эдийн засгийг хөдөлгөх гол хүчин зүйл юм. Харамсалтай нь богино хугацаанд бодлого ихээр алдагдаж байна.