Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн иргэдийг бүртгэлжүүлж, цахим бүртгэлийг төрийн нэгдсэн E-Mongolia.mn цахим сайтад холбосон. Ийнхүү цахим хэлбэрт шилжсэн нь иргэд, олон нийт вакцинжуулалтын гэрчилгээгээ авахад илүү дөхөм болсон. Гэвч сүүлийн үед вакцины гэрчилгээ авах иргэдийн ачаалал нэмэгдсэн учраас ТҮЦ машинаас авч болох байдлаар нэмэлт зохицуулалт оржээ.
Тодруулбал, Төв шуудангийн нэгдүгээр давхарт дөрвөн ТҮЦ машинаас иргэд үйлчилгээ авч байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 110 ТҮЦ машин ажиллаж байгаагаас 70 гаруй хувь нь нийслэлд, үлдсэн нь хөдөө орон нутагт бий.
Цаашдаа вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэдэд цахим QR код олгох бөгөөд программ нь хараахан бэлэн болоогүй байгаа аж. Дээрх үйлчилгээнээс гадна иргэдийн иргэний үнэмлэхний QR код руу хувийн мэдээллийг хуулах ажил дуусах шатандаа оржээ.